Олимпын таеквондогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 24-нөөс 30-ныг дуустал БНХАУ-ын Вүши хотод болох юм.
Энэ удаагийн ДАШТ-д оролцохоор 179 Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 991 тамирчин бүртгүүлсэн нь түүхэнд цар хүрээгээрээ тэргүүлж байна. Өмнө нь 2017 онд БНСУ-ын Мүжү-гүньд болоход 970 тамирчин оролцсон нь рекорд байлаа.
Тэгвэл энэ удаад ОХУ болон Беларусийн тамирчид Төвийг Сахисан Статус (AIN)-аар оролцож буй бол Дэлхийн Таеквондогийн Холбооны нэр дээр Дүрвэгчдийн баг (TRT) ДАШТ-д хүч сорино.
Таеквондогийн ДАШТ БНХАУ-д хоёр дахь удаагаа болж байгаа нь энэ. Өмнө нь 2007 онд тус улсын нийслэл Бээжин хотод болж байлаа.
Тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт 16 жинд өрсөлдөнө.
Тэдний дунд Парисын олимпын аварга таван тамирчин байгааг тэмцээн зохион байгуулагчид онцолсон.
Сонирхуулахад ДАШТ-ий өмнөхөн холбооны удирдлагууд чуулж, 2027 оны ДАШТ-ий зохион байгуулагч орныг зарлав. Тодруулбал Казахстаны Астана хот дараагийн ДАШТ-ийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!