Уншиж байна ...

Путинтэй хийх уулзалтаа цуцалсны маргааш Трампын засаг захиргаа ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг зогсооход шахалт үзүүлэх зорилгоор Оросын газрын тосны хоёр том компани болох Роснефть, Лукойлыг эдийн засгийн хоригоор шийтгэж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй энхийн хэлэлцээрийн талаар ярилцсаныхаа дараа Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзах үеэр Трамп “Цаг нь болсныг би одоо л мэдэрч байна. Бид удаан хүлээлээ” гэж хэлсэн юм.

Тэрбээр Будапешт хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах төлөвлөгөөгөө цуцалсны маргааш уг арга хэмжээг зарлаж байна.

Трампыг уулзалтаа цуцалсны дараахан Оросын арми Украиныг хүчтэй бөмбөгдсөн бөгөөд энэ үеэр долоон хүн алагдсаны дотор хүүхдүүд байсан юм.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент “Путин утгагүй дайнаа зогсоохоос татгалзаж буй тул” гэж хориг арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлажээ.

Тэрбээр Роснефть, Лукойл компаниудыг Оросын дайны машиныг санхүүжүүлэгчид гэж буруутгасан байна.

“Одоо бол аллагыг зогсоох, нэн даруй гал зогсоох цаг мөн. Ерөнхийлөгч Трампын дайныг зогсоох хүчин чармайлтыг дэмжихийн тулд манай яам цаашид шаардлагатай арга хэмжээг нэмж авах болно” гэж Бессент мэдэгджээ.

Трамп энэ удаагийн хориг арга хэмжээний далайцыг “асар том” гэж нэрлээд хэрвээ Орос улс дайнаа зогсоохыг зөвшөөрвөл цуцлах боломжтойг мэдэгдсэн байна.

“Би Владимиртай ярих болгондоо сайхан яриа өрнүүлдэг. Гэвч энэ яриа үр дүнд хүрдэггүй. Ямар ч үр дүнгүй болдог” гэж тэр Оросын ерөнхийлөгчийг шүүмжилжээ.

Энэ үеэр Рютте “Та дарамт шахалт үзүүлж чадах хүн. Өнөөдрийн хийсэн зүйл тань яг энэ байлаа” гэж Трампын шийдвэрийг сайшаасан байна.

Долоо хоногийн өмнө Их Британи улс Роснефть, Лукойл компаниудын эсрэг ижил төстэй хориг арга хэмжээ авсан юм.

Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яам үүнийг “дэлхийн зах зээл дэх түлш шатахууны нийлүүлэлтийг тасалдуулж, хөгжиж буй, ядуу буурай улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх алхам” хэмээн шүүмжилж байв.

Мөн “энх тайван тогтоох яриа хэлэлцээг улам хүндрүүлэх, хурцадмал байдлыг эрчимжүүлэх үйлдэл” хэмээн мэдэгдэж байлаа.

Оросын дээрх хоёр компани өдөрт нийтдээ 3.1 сая баррель газрын тос экспортолдог.

Роснефть дангаараа Оросын газрын тосны үйлдвэрлэлийн бараг тал хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 6 хувийг бүрдүүлж буйг Их Британийн засгийн газар тооцоолжээ.

Газрын тос, байгалийн хий нь Оросын хамгийн том экспортын бүтээгдэхүүн бөгөөд гол худалдан авагчид нь Хятад, Энэтхэг, Турк улсууд юм.

Энэ оны эхээр АНУ, Их Британи улсууд Оросын бусад үйлдвэрлэгчид болох Газпром Нефть, Сургутнефтегаз компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч байжээ.

 

Эх сурвалж: BBC