Хугацаат цэргийн алба хаагчид алба хааж байх хугацаандаа орон нутагтаа эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжил эзэмших хөтөлбөр хэрэгжүүлэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
Тодруулбал мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангах юм байна.
Уг хөтөлбөрийг 21 аймаг 330 сумаас тухайн орон нутагт ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа талаар авсан судалгаа нь дээр үндэслэж байгаа бөгөөд Батлан хамгаалахын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон байна.
Ингэснээр цэргийн алба хааж буй залуучууд өөрийн орон нутагтаа очоод ажиллах боломжтой мэргэжлийг эзэмшиж халагдах болж байгаагаараа онцлог юм гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.
Богино хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмших цэргийн алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх аж.
Зэвсэгт хүчний ХЦАХ-дтай нэгтгэл, ангиуд нь өөрт ойр байрлах Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, Сургалтын төвүүдээр дамжуулан сүүлийн таван жилийн байдлаар 2,000 орчим албан хаагчдыг 10 гаруй мэргэжлээр сургаж, мэргэжлийн боловсрол олгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!