Камбожид гэмт хэргийн байгууллагын гишүүдийн гарт тамлуулж алагдсан Өмнөд Солонгосын оюутан залуугийн чандар өнөөдөр эх орондоо иржээ.
22 настай Пак овогтой энэ оюутны цогцос 74 хоногийн өмнө Камбожийн нутгаас олдсон юм.
Өмнөд Солонгос, Камбожийн мэргэжилтнүүд Пномпен хотод цогцсыг задлан шинжилсний дараа чандарласныг Korean Air компанийн нисэх онгоц өнөөдөр өглөө Инчоны олон улсын нисэх буудалд авчирсан байна. Чандрыг албаныхан талийгаачийн ар гэрийнхэнд хүлээлгэж өгөх ажээ.
Өндөр цалинтай ажлын зард хууртан Камбож улсад долдугаар сарын дундуур очсон оюутны цогцос сарын дараа Бокор уулын бүсээс олдож байжээ. Энэ бүс нутагт гадаадын иргэдийг албадан ажиллуулдаг луйврын дуудлагын төв үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Түүний үхэл Өмнөд Солонгосын эрх баригчдын анхаарлыг татсанаар ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болж буй иргэдээ аврах ажлыг эхлүүлж байв.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын засгийн газрын ажлын хэсэг Пномпен хотод айлчилж, иргэдийнх нь эсрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэхээр Камбожийн эрх баригчидтай тохиролцсон юм.
Оюутны цогцсоос эрүүдэн тамласан шинж тэмдэг илэрсэн бөгөөд үүний улмаас өвдөлтийг тэсвэрлэж чадалгүй амиа алдсан гэх дүгнэлт гарч байв.
Энэ сарын эхээр оюутны амийг хөнөөсөн хэрэгт Хятадын гурван иргэнийг прокурорууд ялласан тухай Камбожийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хохирогчийг Камбож улс руу зуучилж явуулсан этгээдийг Ням гарагт баривчилснаа Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!