Уншиж байна ...

Ш.Төмөрсүх: УИХ тарахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг тодорхой тоонд хүрвэл Байнгын хороогоор хэлэлцүүлэхийг шаардана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ыг тараахаар иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохиолоо.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Бид дээрх үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулна. Ямар нэгэн байдлаар бусдад худалдагдаагүй эх орноо гэсэн бодолтой иргэд биднийг дэмжиж ажиллаасай. 

Үндсэн хуульд олгогдсон язгуур эрх ашиг ноцтой зөрчигдөж, УИХ-ын гишүүдэд итгэх ард түмний итгэл алдарсан гэж нийт ард түмэн үзэж байна. УИХ-ыг тараах бэлтгэл үйл ажиллагааг орон даяар зохион байгуулахыг улс төрийн намын тухай хуульд тусгагдсан эрхийнхээ хүрээнд энэ ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй болсон. 

Парламентад суудалгүй, худалдагдаагүй улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөн иргэдийг сайн, сайхны төлөө бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын зүгээс улс орон даяар ард түмнийг бидэнтэй хамтарч УИХ-ыг тараахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг зурах үйл ажиллагаанд өргөн цар хүрээтэй идэвхтэй оролцож, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, нийгэм эдийн засгийг сэргээн хөгжүүлж, ирээдүй хойч эрүүл аюулгүй орчинд амьдрах нийгмийг бүтээхийн тулд УИХ тарахыг шаардсан иргэдийн гарын үсгийг орон дэмжиж ажиллахыг хүсэж байна. 

Дэмжигчдийн гарын үсэг зурахын тулд иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлж ажиллана. УИХ-ыг тараах шалгаан бий. УИХ-ын гишүүд хуулийг дээдлэн ажиллах ард түмнийхээ элч болж чадахгүй нь илт харагдаж байна. 

Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх чадамжгүй байгаа нь нийгмийн сүлжээнд илэрхий мэдрэгдсэн учраас гишүүдийг тангаргаасаа няцсан хэмээн нийт ард түмний уур амьсгал үзэж байна.

Дэмжигчдийн гарын үсгийг цаасан болон цахим хэлбэрээр авна. УИХ тарахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг тодорхой тоо хэмжээнд хүрэхэд холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхийг шаардах болно. Хоёрт нийтийн сонсгол явуулна. Гуравт УИХ-ыг тараах нэг удаагийн хялбарчилсан хуулийн төсөл санаачлахыг гишүүдээс шаардана" гэв.