Энэ сарын 18-нд буюу өнгөрсөн Бямба гарагт олон улсын ирвэсийн өдөр боллоо.
Уг өдөрт зориулж Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг таниулж, хамгааллын үйл хэрэгт уриалах зорилготой танин мэдэхүй, бүтээлч оролцоог хангасан сонирхолтой өдөрлөг зохион байгуулжээ.
“ОРОЛЦ + МЭД + ХАМГААЛ” уриан дор зохион байгуулсан уг өдөрлөгт уг сангийн Монгол дахь хөтөлбөрийн элчээр Улсын аварга С.Мөнхбат ажиллахаар болсныг нийтэд зарлаж, батламж гардуулсан юм.
Энэ үеэр аварга С.Мөнхбат "Би Монгол цоохор ирвэсийг амьдаар нь хараагүй. Гэхдээ ирвэс хамгаалах сангийн хамт олонтойгоо хамтраад "Ирвэсийн жим" гээд энэ амьтан амьдардаг нутгаар судалгааны ажлаар явж байсан. Бид бүгд өнөөдөр дулаан байранд, ая тухтай орчинд амьдардаг. Гэхдээ энэ дэлхий дээр тэр тусмаа Монгол эх оронд маань бидэнтэй хамт зэрэгцээд амьдардаг маш олон амьтад бий.
Энэ амьтдын амьдралын хэв маяг, амьдарч буй орчныг хамгаалах гэх мэт бидэнд анхаарах шаардлагатай зүйл олон байгааг мэдэрсэн.
Тиймээс ирээдүйн хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд ховордож буй ан амьтдыг хайрлаж хамгаалж, тэдэнтэйгээ цуг оршин тогтнож амьдрахын чухлыг ойлгоно гэдэг итгэлтэй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!