Өнгөрсөн амралтын өдөр Бангладеш улсын олон улсын гол нисэх буудлын ачаа тээврийн хэсэгт гал түймэр гарсны улмаас асар их хохирол учирчээ.
Тус улсын Хувцас Үйлдвэрлэгчид, Экспортлогчдын Холбоо энэхүү гамшгийн шууд болон шууд бус хохирлын хэмжээг $1 тэрбум гэж эхний байдлаар тооцоолсон байна.
Бямба гарагийн орой галын тархалтыг зогсоож, нислэгүүд сэргэж эхэлснийг нисэх буудлын захирал Рагиб Самад өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлсэн юм.
Гэвч Хазрат Шахжалал нисэх буудлын карго ачааны цогцолбор балгас болсон харагдаж байлаа.
Бангладеш бол дэлхийн хоёр дахь том хувцас үйлдвэрлэгч бөгөөд нэхмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар нийт экспортынх нь 80 хувийг эзэлдэг.
Дэлхийн олон том хувцас загварын компани өөрийн бүтээгдэхүүнийг Бангладеш улсад захиалж үйлдвэрлүүлдэг юм.
“Импортын хэсэг бүхэлдээ үнс нурам болсон. Хохирлын хэмжээ нэг тэрбум ам.долларыг давж магадгүй гэж бид эмээж байна” гэж хэлсэн Бангладешийн Хувцас Үйлдвэрлэгчид, Экспортлогчдын Холбооны ерөнхийлөгч Файсал Самад өдөр бүр 200-250 үйлдвэр бүтээгдэхүүнээ агаарын замаар экспортолдог болохыг мэдээлжээ.
Ням гарагт нисэх буудлын карго ачааны хэсгээс утаа гарсан хэвээр байлаа.
Гал түймрийн шалтгааныг эрх баригчид тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд Читтагоны экспортын бүс, нийслэл Дака хот дахь хувцасны үйлдвэр зэрэг газруудад гал түймэр гарсан нь санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэсэн болгоомжлолыг олон нийтийн дунд үүсгэжээ.
Засгийн газар дээрх тохиолдлуудыг анхааралдаа авч, нягт нямбай шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
170 сая хүн амтай Бангладеш улсад 2024 оны наймдугаар сард гарсан оюутнуудын бослого тэмцлийн дараа ерөнхий сайд Шэйх Хасина албан тушаалаасаа огцорч, хөрш Энэтхэг улс руу дүрвэсэн юм.
Тэр үеэс хойш улс төрийн тогтворгүй байдал ноёрхож, ирэх оны хоёрдугаар сард болох парламентын сонгууль нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна.
“Хэрвээ эдгээр гал түймрүүд үймээн самуун дэгдээх, хагалан бутаргах зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа болох нь нотлогдвол бид тайван хүлээцтэй байснаар тэр зорилгыг нь тасалдуулж чадна. Бангладеш өмнө нь олон сорилттой тулгарч байсан. Бид хамтдаа манай ардчилалд тулгарсан ямар ч аюулыг давж чадна” гэж тус улсын засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!