Карибын тэнгист хар тамхи тээвэрлэж яваад АНУ-ын зэвсэгт хүчний цохилтод өртсөн шумбагч хөлгөөс амьд үлдсэн хоёр хүнийг Эквадор, Колумб улсуудад буцааж өгөхөө ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Пүрэв гарагт АНУ-ын байлдааны хөлгүүд хар тамхины картелуудын зургаа дахь хөлгийг устгасан юм.
Ийм цохилтоос анх удаагаа амьд хүн үлдсэн нь сүүлийн энэ тохиолдол байжээ.
Венесуэлийн эргээс холгүй тэнгисийн усанд явуулсан өмнөх таван ажиллагааны үеэр нийтдээ 27 хүний амь үрэгдсэнийг Трампын засаг захиргаа мэдээлж байв.
Сүүлийн цохилтоос амьд үлдсэн хоёр хүнийг цэргийн нисдэг тэргээр тээвэрлэн АНУ-ын тэнгисийн хөлөгт хүргэснийг албаны эх сурвалж баталжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эдгээр ажиллагаануудыг үнэн хэрэгтээ улс орныг нь Америкийн колони болгох зорилготой гэж шүүмжилж байгаа.
Харин Трамп үүнийг Латин Америкийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн хар тамхины урсгалыг зогсоох зорилготой гэж тайлбарлаж байна.
Ингэхдээ тэр Мадурог уг үйл ажиллагаанд оролцож, ашиг хүртдэг гэж буруутгадаг.
“Хар тамхины наймааны алдартай замаар АНУ-ыг чиглэн аялж байсан маш том шумбагч хөлгийг устгасан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Амьд үлдсэн хоёр террористыг тус тусынх нь эх орон Эквадор, Колумб улсууд руу буцааж, хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэж Трамп өчигдөр сошиал хуудсандаа бичжээ.
Мөн тэр энэ ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн алба хаагч гэмтэж бэртээгүйг дуулгасан байна.
Баасан гарагт Трамп устгасан шумбагч хөлгийг “их хэмжээний хар тамхи тээвэрлэх зорилгоор тусгайлан бүтээсэн” гэж мэдээлсэн юм.
АНУ-ын хууль хүчний байгууллагууд өмнө нь хар тамхи тээвэрлэдэг шумбагч хөлгүүдийг тэнгисийн усанд саатуулж, олзолж байсан. Ийм хөлгүүдийг ихэвчлэн гар аргаар үйлдвэрлэсэн байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!