Уншиж байна ...

“Gen Z” үеийнхний тусламжтай засгийн эрхийг булаасан хурандаа Мадагаскар улсын ерөнхийлөгч боллоо

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог, Энэтхэгийн далайн арал улс Мадагаскарт өнгөрсөн сарын сүүлээр засгийн газрын эсрэг иргэдийн тэмцэл эхэлсэн юм.

“Gen Z” үеийнхний тэмцэл гэгдэж байсан энэ үйл явдал анх эрчим хүч, усны хомсдолоос үүдэлтэй байсан бол сүүлдээ төрийн эргэлт болж хувирсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт тус улсын ерөнхийлөгч Андри Разуэлина эх орноосоо дүрвэсний дараа парламент түүнийг огцруулах (импичмент) шийдвэр гаргасан юм.

Разуэлина дүрвэх болсон шалтгаан нь тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд босогчдыг дэмжсэнтэй холбоотой байв.

Тэгвэл цэргүүдээ босогчдын талд оруулсан хурандаа Мишель Рандрианирина өчигдөр буюу Баасан гарагт ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

“Бүгд Найрамдах Мадагаскар Улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг би бүрэн дүүрэн, шударгаар хаших болно. Үндсэн хуулиар олгосон эрх мэдлээ хэрэгжүүлж, үндэсний эв нэгдэл, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд бүх хүчээ зориулна” гэж колоничлолын үед баригдсан Үндсэн Хуулийн Шүүхийн байранд болсон ёслолын үеэр цэргийн дүрэмт хувцсаа хослолоор сольсон тэр тангарагласан юм.

зураг
 

Рандрианирина нь Мадагаскарын армийн элит хүчин CAPSAT-ийн командлагч.

Разуэлина 2009 онд CAPSAT-ийн зохион байгуулсан төрийн эргэлтийн дараа ерөнхийлөгч болж байжээ.

Дараа нь тэр хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялж байв.

Гэвч өнгөрсөн долоо хоногт CAPSAT жагсагчдын эсрэг хүч хэрэглэх ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлэхээс татгалзсан байна.

Рандрианирина парламентын доод танхимаас бусад төрийн бүх байгууллагуудыг татан буулгаж, хоёр жилийн хугацаанд шилжилтийн засгийн газрыг цэргийнхний оролцоотой ажиллуулсны дараа сонгууль зохион байгуулахаа амласан.

Мадагаскар улсын 30 сая орчим хүн амын дундаж нас 20 хүрдэггүй.

Хэдийгээр ийм залуу үндэстэн боловч хүн амын дөрөвний гурав нь ядуу тарчиг нөхцөлд амьдардаг. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлжээ.

1960 онд Францын колоничлолоос салж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2020 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 45 хувиар буурснаар ижил хугацаанд эдийн засаг нь улам доройтсон дэлхийн цөөхөн хэдэн улсын нэг Мадагаскар болж байжээ.

 

Эх сурвалж: Reuters