Уншиж байна ...

Трамптай уулзахын тулд Путин ямар замаар Будапешт хотод очих нь тодорхойгүй байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн наймдугаар сард Украины дайны асуудлаар Аляскад АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзсаныхаа дараа Путин дараагийн удаа Москвад уулзах хүсэлтэй байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд хэлж байв.

Гэвч хоёр ерөнхийлөгч Пүрэв гарагт утсаар ярихдаа ойрын үед Унгарын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон байна.

Уулзалтын тухай мэдээ тарсны дараахан Өрнөдийн хоригоор шийтгүүлсэн, Олон Улсын Эрүүгийн Шүүхээс баривчлагдах захирамжтай Путин хэрхэн Төв Европын улсад хүрэлцэн очих асуудал сөхөгдөж эхэлсэн юм.

Будапешт хотод очихын тулд тэр өөрийн холбоотон Беларусь, дараа нь Польш, эсвэл Словакийн агаарын орон зайгаар дамжин нисэх ёстой.

Энэ хоёр улс НАТО болон Европын Холбооны гишүүн тул эрсдэлтэй.

Өөр нэг зам нь Румыний нутаг дэвсгэр дээгүүр нисэх боловч энэ улс бас л НАТО, Европын Холбооны гишүүн орон.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нислэгийн зам тодорхойгүй байгааг мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч нар одоохондоо ийм уулзалт зохион байгуулах хүсэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ үүнээс өмнө гадаад хэргийн сайд Сергей Лавров, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно” гэж тэр хэлжээ.

Украины дайныг дуусгах чиглэлд ямар нэг үр дүн гаргаагүй Аляскын уулзалтаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байгаа.

Өнгөрсөн хугацаанд Путинд бухимдаж байгаагаа Трамп олон удаа илэрхийлж, АНУ-аас Украинд үзүүлэх тусламж нэмэгдсээр байна.

Кремлийн мэдээлснээр Будапешт хотод уулзах саналыг Трамп гаргаж, Путин тэр дор нь зөвшөөрсөн гэнэ.

Путин 2021 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахын тулд Женевт очсон нь түүний Европт хөл тавьсан сүүлийн тохиолдол байлаа.

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн баривчлах захирамжийг гишүүн орнууд нь биелүүлэхгүйг 2024 онд Монголд хийсэн Путиний айлчлал харуулсан.

Унгарын гадаад хэргийн яам өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Путинийг АНУ-ын ерөнхийлөгчтэй амжилттай уулзуулахын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа амласан байна.

Тус улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүнээс татгалзсан ч 2026 оны зургаадугаар сарыг хүртэл онолын хувьд гишүүн хэвээр байх юм.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өөрийн улсыг ийм уулзалт зохион байгуулах боломжтой Европын цорын ганц газар гэж тодорхойлжээ.

Өчигдөр Вашингтон хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзсан юм.

Уулзалтын гол сэдэв нь алсын тусгалын Томагавк пуужинг Украинд нийлүүлэх асуудал байлаа.

Трамп уулзалтын өмнө “энх тайван тогтооход заавал Томагавк ашиглах шаардлагагүй байж магадгүй” гэж хэлсэн бол уулзалтын дараа Зеленский хоёр ерөнхийлөгч энэ асуудлаар юу ярилцсанаа олон нийтээс нууцлахаар тохиролцсоныг дуулгажээ.

 

Эх сурвалж: AFP