Уншиж байна ...

Д.Наран: Хүүхэд төрүүлэх тусмаа эмэгтэй хүний хөхний хавдраар өвдөх эрсдэл багасдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хавдрын тулгамдсан асуудал-2025" хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний хурлыг Новотел зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр "Хөхний хорт хавдрын эмчилгээнд нео-адьювант пертузмаб трастузумаб бай эмчилгээг хими эмчилгээтэй хавсран хийж, патологийн бүрэн үр дүн болон гаж нөлөөг үнэлсэн нь" сэдэвт илтгэлийг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн Хими эмчилгээний тасгийн их эмч Д.Наран танилцуулсан юм. 

Хөхний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын хоёрт, нас баралтын шалтгааны эхний 10-т орж байгааг тэрбээр хэллээ.

Хөхний хорт хавдар дэлхийд
Хорт хавдрын өвчлөл Монголд
 

Манай улсын хүн амын дунд элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолой, хөхний хорт хавдрын өвчлөл хамгийн эрсдэлтэй түвшинд очсоныг дээрх графикаас харж болохоор байна. 

Тухайлбал монгол эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдрын 227 шинэ тохиолдол 2022 онд бүртгэгдсэн талаарх тоог Global Cancer Observatory-ын дата мэдээлэлд дурджээ. 

Тэгвэл хөхний хорт хавдрын нөхцөл байдал ба эмчилгээний талаар ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн их эмч Д.Нарантай ярилцсанаа хүргэе. 



Монгол Улсад хөхний хорт хавдрын эсрэг бай эмчилгээг 2021 онд Эрүүл Мэндийн Даатгалын санхүүжилтээр хийж эхэлсэн. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шат дараалалтайгаар бай эмчилгээ болон даавар, дархлаа эмчилгээний нэр төрөл, тоог нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд өвчтөний эмчилгээний үр дүн сайжрах, амьдрах хугацаа уртсах, дахилтыг багасгах ач холбогдолтой. 

Бид хөхний хорт хавдрын эмчилгээний судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд үр дүн өндөр хувьтай гарсан. 

Дээр дурдсанчлан хөхний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын хоёрт, нас баралтын шалтгааны эхний 10-т орж байна. 

Сүүлийн үед эрүүл мэндийн эрт илрүүлгийн хүрээнд энэ төрлийн хавдрыг эрт үед нь оношилж байгаа нь сайшаалтай. 

Гэхдээ Монгол Улсад ихэнх хавдрын 60-70 хувь нь дандаа 3-4 дүгээр шатандаа оношлогдож байна. 

Хөхний хорт хавдарт систем, хими, бай, даавар, дархлаа эмчилгээний ач холбогдол илүү өндөр хувьтай. 

Мэс заслын эмчилгээг ихэвчлэн эрт үеийн хавдар дээр хийдэг. Нэгэнт үсэрхийлсэн хожуу үеийн хавдарт өвчтөний амьдрах хугацааг уртасгах зорилгоор системийн эмчилгээнүүдийг түлхүү зөвлөдөг.

Хорт хавдар хожуу шатанд ороогүй байхдаа мэдрэгдэх өвчин зовуурь багатай явдаг. 

Гэхдээ унтаж амарсан ч сэрэхэд амраагүй юм шиг мэдрэмж төрөх,,цаагуураа маш их ядарч сульдаж байвал анхаарах хэрэгтэй. 

Мэдээж ил байрлалын эрхтэн, далд байрлалын эрхтэн, цуллаг эрхтэн, хөндийт эрхтний хавдрын шинж тэмдгүүд хоорондоо харилцан адилгүй. 

Монголчуудын тухайд "Би ерөөсөө эмнэлэгт хэвтэж үзээгүй байж байгаад ийм хүнд өвчнөөр өвдчихлөө" гээд ороод ирэх хандлагатай. Хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол чухал байна. 

Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг монгол хүн болгон ойлгох хэрэгтэй.

Хорт хавдрыг 3, 4 дүгээр үе шат биш, эрт үед нь оношилж чадвал хавдрын эсрэг эмчилгээний технологиудыг хэрэглэж болно. Энэ технологи жил ирэх тусам улам сайжирч байгаа.

Монгол хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ажил хамгийн чухал гэж дүгнэхээр. 

-Хөхний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүнээс авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ гэж байдаг уу?

-Хамгийн эхний арга хэмжээ бол хөхөө өөрөө шалгах. Толинд харж байгаад гараар үзлэг хийдэг.

зураг
 
Амгалан амаржих газрын цахим хуудсаас авч, ашиглав

Ер нь бидний клиникийн практикт харахад залуу насны буюу 45-аас доош насны эмэгтэйчүүд хөхний хавдраар маш их оношлогдож байна.

Мэдээж хөхний хавдрын шалтгаан болон нөлөөлөх хүчин зүйлс янз бүр. Гэхдээ харьцангуй залуу насандаа оношлогдоод байгаа нь хүн амын амьдралын хэв маяг, хожуу төрөлт болон цөөн төрдгөөс шалтгаалж болно.

Өөрөөр хэлбэл хөхний хорт хавдарт нөлөөлөх хүчин зүйлс одоогийн нийгэмд ихэссэнтэй холбоотой гэж тайлбарлаж болно.

Хүүхэд төрүүлэх тусмаа эмэгтэй хүний хөхний хавдраар өвдөх эрсдэл нь багасаж байдаг. Хөхний хавдрын шалтгаан нь эмэгтэй хүнээс ялгардаг estrogen, progesterone дааврын хамааралтай. 

Эмэгтэй хүн хүүхдээ хөхөөрөө хооллох үед сүүжүүлэх гормон ялгардаг бөгөөд өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагдаж, тухайн estrogen, progesterone гормон биед багасаад ирэхтэй зэрэгцэн хөхний хавдраар өвдөх эрсдэлийг нь бууруулдаг гэсэн үг. 

Эмэгтэй хүн нэг удаа төрөхөд хөхний хорт хавдрын эрсдэл тэдэн хувиар буурна гэсэн нарийн тоо хүртэл бий. 

-Хөхний хорт хавдраа хожуу шатанд нь мэдсэн тохиолдолд тавилан буюу амьдрах хугацаа хэрхэн яригдах вэ?

-Үе шатаасаа хамаараад таван жил дахилтгүй амьдрах хугацаа эсвэл нийт амьдрах хугацаа нь ялгаатай.

Аль болохоор эрт үедээ оношлогдвол дахилтгүй амьдрах хугацаа болон нийт амьдрах хугацаа ихтэй байна. 

Хожуу үе шатандаа амьдрах хугацаа нь угаасаа статистикийн хувьд багасна.