Уншиж байна ...

УИХ-ын танхимд хууль биш хурал даргалагч засаглалаа

Редакцын бус нийтлэл
2025 оны 10 сарын 17
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулган будилаантай, зөрчилтэй нөхцөл байдалд хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн бус аргаар шийдэв. Чуулганы ирцийг өчигдрийнхөөр тооцсон, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан томьёоллоор санал хураасан гээд тоочвол Үндсэн хуулийн болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг ноцтой зөрчлөө.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Байнгын хорооны саналыг сонсоно л гэж хуульчилсан атал Байнгын хорооны гаргасан томьёоллоор санал хураана гэдэг бол хуулийн маш том зөрчил.

Хамгийн гол нь УИХ-ын дэд даргын үйлдэл бүхэн Үндсэн хууль, бусад хуулийг зөрчөөд байна гэдгийг УИХ-ын гишүүд өчигдрөөс хойш хэлж, шүүмжилж, байр сууриа илэрхийлэн мэдэгдэл хийсээр байхад ард түмний элч болсон гишүүдийн үгийг огт хүлээж авсангүй. Харин бүр эсрэгээр нь УИХ-ын даргын микрофон ашиглан хуулийг буруугаар тайлбарлаж, Үндсэн хууль зөрчсөн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхээ эдэлсэн гишүүдийг элдвээр харлуулж, доромжилж, муучлах сценарыг амжилттай хэрэгжүүлсэн. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хувьд энэ мэтээр Үндсэн хууль болон бусад хуулийн хил хязгаарыг даван байж ийм алхам хийсэн нь улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө хэт улайрсан үйлдэл юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг үзсэн хүнд энэ улайрал, түрэмгийлэл илт мэдрэгдэхээр байлаа. Товчхондоо бол хууль тогтоох дээд байгууллага парламентын танхимд хууль биш хүн засаглахыг Монголын ард түмэн бүгдээрээ харлаа. Хуралдаан даргалагч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглав.

Ингэхдээ Үндсэн хуулийн хил хязгаарыг бүдүүлгээр давж орхив. Үүнийгээ эцэст нь өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. “Ийм муухай сценариар явуулсанд уучлаарай” гэдэг Х.Булгантуяа гишүүний үг УИХ-ын даргын өндөр сэнтий дээрээс олон нийтэд хүрээд байна.