АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт Victoria's Secret-ийн загварын шоу боллоо.
Хамгийн анх 1995 онд зохион байгуулагдсан тус шоу 2018 оноос хойш хэсэг засварлаад 2024 онд эргэн ирсэн юм. Алдарт загвар өмсөгч Адриана Лима, Алессандра Амбросио, Белла Хадид зэрэг сахиусан тэнгэрүүдээс гадна Ирина Шейк, Анок Яй, Жижи Хадид зэрэг загварын тайзаа орхисон одууд эргэн ирэв.
Энэ удаагийн загварын тайзнаа мэргэжлийн тамирчид алхсан нь олны анхаарлыг татсан юм.
Тодруулбал Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Эмэгтэйчүүдийн Лиг (WNBA)-гийн "Чикаго Скай" багийн довтлогч Анжил Рийс, олимпын хошой аварга гимнастикчин Сүниса Ли нар Victoria's Secret загварын шоуд алхсан анхны мэргэжлийн тамирчид болжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард алдарт Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд заларсан Анжил Рийс загварын шоуд оролцохын тулд тусгай багш хөлсөлсөн байна.
Өдгөө 23 настай 191 см өндөртэй америк бүсгүй талбайн гаднах амьдралаараа олны анхаарлыг татдаг билээ.
Олимпын хошой аварга гимнастикчин Сүниса Ли Өмнөд Хятадын уулархаг бүс нутагт амьдардаг хмонг ястнаас гаралтай нэгэн. АНУ-ын гимнастикийн шигшээ багийн хамт олимпын алт, мөнгөн медаль хүртсэн төдийгүй ганцаарчилсан төрөлд Токиогийн олимпоос нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.
Эх сурвалж: Bleacher Report
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!