Уншиж байна ...

Өмнөд Солонгосын Дээд Шүүх тус улсын түүхэнд хамгийн томд тооцогдох гэр бүлийн хөрөнгө хуваалтын шийдвэрийг буцаалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2015 оноос хойш үргэлжилж буй гэр бүлийн хөрөнгө хуваалтын маргааныг Өмнөд Солонгосын дээд шүүх өнөөдөр эцэслэн шийдвэрлэх тов өнгөрсөн долоо хоногт гарсан юм.

Тэгвэл дунд шатны шүүхийн гаргасан өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж буйг өнөөдөр өглөө Дээд Шүүх зарлажээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Сөүл хотын шүүх Өмнөд Солонгосын хоёр дахь том бизнесийн байгууллага болох SK Group-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон, түүний салсан эхнэр Ро Со Ён нарын маргааныг шийдвэрлэхдээ Ро Со Ёнд 1.38 их наяд воны ($971 сая) хөрөнгө тасалж өгөхөөр болсон юм.

Хэрвээ энэ шийдвэрийг Дээд Шүүх дэмжсэн бол тус улсын орчин үеийн түүхэнд гэр бүлийн хамгийн том хөрөнгө хуваалт болох байлаа. Бас үндэсний хэмжээний компани SK Group-ийн хувь эзэмшлийн бүтцийг нэлээд хэмжээгээр өөрчлөх байсан юм.

Чэй Тэ Вон өөрийн талийгаач эцгээс өвлөж авсан SK Group-ийн хувьцааг онцгой өмч гэж үзээд хөрөнгө хуваалтад тооцуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Дэ Угийн охин Ро Со Ён үүнийг гэр бүлийн дундын хөрөнгийн нэг хэсэг тул хуваалцах ёстой гэж үзэж байжээ.

Сөүлийн шүүхийн шийдвэрээс өмнө анхан шатны шүүх Ро Со Ёнд хувьцааг оролцуулалгүйгээр 66.5 тэрбум воны хөрөнгө хуваарилах шийдвэр гаргаж байсан юм.

Гэвч Ро уг шийдвэрийг давж заалдаад 20 дахин өсгөх шийдвэр гаргуулсныг ийнхүү Дээд Шүүх буцааж байна.

 

Эх сурвалж: Yonhap News