Уншиж байна ...

Г.Хандсүрэн Японы "Tokyo Sunbeams" багт тоглохоор болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Монголын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчин Гантогтохын Хандсүрэн Японы II дивизионд данстай "Tokyo Sunbeams" багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Өдгөө 28 настай Г.Хандсүрэн Японы Эбара ахлах сургуулийг төгссөн. Тэрбээр 2015 оноос хойш үндэсний шигшээ багт харьяалагдаж байгаа бөгөөд өмнө нь Япон, Хятадын Тайпэйгийн лигт тоглож байсан туршлагатай. Өнгөрсөн улиралд Монголын "Хашхан" клубт тоглож байв.

зураг
 

Японы V League 1994 оноос хойш зохион байгуулагдаж буй юм. Энэ улиралд эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 12 баг өрсөлдөнө. "Tokyo Sunbeams" багийн хувьд өнгөрсөн улиралд 29 оноогоор наймдугаар байранд бичигдсэн аж.

Токио хотын баг шинэ улиралд Г.Хандсүрэнгээс гадна Польшийн Анна Курекийг эгнээндээ элсүүлжээ. Өдгөө 32 настай польш бүсгүй 2013 оноос улсынхаа шигшээ багт хүчин зүтгэж буй. Түүний нөхөр нь Польшийн шигшээ багийн ахлагч Бартош Курек юм.

"Tokyo Sunbeams" багийн шинэ улирлын эхний тоглолт энэ сарын 25-нд болох юм.

Г.Хандсүрэнгийн өвөө нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, аав нь Монгол Улсын гарди Б.Гантогтох билээ.

Сонирхуулахад энэ сарын 28-наас үзэгчдэд хүрэх Netflix-ийн "Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монголын баг оролцоно. Тус нэвтрүүлэгт улсаа төлөөлөн оролцогчдын нэг нь Г.Хандсүрэн юм.