Нэр бүхий банкны ажилтан иргэний хувийн мэдээллийг ашиглан, хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэврийн зээл гаргаж залилсан хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.
Энэ хэргийг аравдугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газраас илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээлэв.
Мөн цахим хаягийн ард нуугдаж буй залилагчид итгэн, иргэд мөнгөө шилжүүлсээр байгаа асуудлыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах байдлаар анхаарууллаа.
Тухайлбал 26 тооны тугал авна гэж Азаа азаа гэх Фэйсбүүк хаягаар холбогдож 9.1 сая төгрөг шилжүүлсэн гэх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Түүнчлэн өөрийн танил эмэгтэйн Фэйсбүүк хаягийг алдсаныг мэдэлгүй “мөнгө зээлээч” гэж чат ирсний дагуу банкны дансанд мөнгө шилжүүлж залилуулсан гэх гомдлын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээлэв.
Энэ оны эхний есөн сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Түүнээс 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа юм.
Бараа материал захиалж, урьдчилгаа төлбөр шилжүүлж, залилуулж буй тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд иргэд та бүхнийг ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, хэн нэгэн цахим хаягаар мөнгө гуйсан тохиолдолд заавал утсаар залгаж нягталж шалгах зэрэг энгийн үйлдлийг хэвшүүлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!