УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр өргөн барьжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан “Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргасан тогтоолын төслөө албан ёсоор танилцуулж байна. Өнгөрсөн Баасан гарагт хэвлэлийн хурал зохиогоод УИХ-ын тамгын газарт хүлээлгэн өгсөн.
Гэвч УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж салаа утгатай мэдэгдэл хийсэн учраас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид тогтоолын төслийг танилцуулж байна. Уг албан бичигт МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслээс 2 буюу нийт 67 гишүүн гарын үсэг зурсан" гэв.
Хариуд нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Хууль тогтоомжийн тухай хуульд заасан тодорхой журмын дагуу энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын даргад тухайн асуудлыг танилцуулж, байнгын хороогоор шийдвэрлүүлнэ" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!