Казахстаны "Jibek Joly" телевизийн "Silk Way Star" төсөлд 12 орны авьяаслаг уран бүтээлчид оролцож буй. Евразийн бүс нутагт хамаарах тус 12 орны уран бүтээлчдийн тоонд Монголын дуучин Ж.Мишээл багтсан юм.
Тодруулбал энэ бүс нутгаас дэлхийн од авьяастан төрүүлэх үндсэн зорилготой тус төсөлд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, БНСУ-ын уран бүтээлчид оролцож байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос олон нийтийн хүртээл болж эхэлсэн тус нэвтрүүлэг долоо хоног бүрийн Бямба гарагт шинэ нэвтрүүлгээ цацаж буй. Нийт 10 долоо хоногийн турш цацагдах тус нэвтрүүлэгт нийлбэр дүнгээр оролцогчдод оноо өгч буй юм.
Ингээд дөрвөн нэвтрүүлгийн дараагаар нийлбэр дүнгээр Казахстаны дуучин Алем 470 оноогоор тэргүүлж буй бол Монголын дуучин Ж.Мишээл, Малайзын дуучин Язмин Азиз нар ижил 450 оноогоор нэхэж явна.
Сонирхуулахад тус нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар арваннэгдүгээр сарын 22-нд цацагдах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!