УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр “УИХ-ын даргыг огцруулах асуудал тавьж байгаа нь парламентын дархлааг хөндөж байгаа хэрэг болохгүй юу” гэсэн сэтгүүлчийн асуудалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулт өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргыг огцруулахын тулд нэг хүнд зориулсан хууль гаргасан. Хамгийн их сонирхлын зөрчилтэй байгаа албан тушаалтнаас тэр хуулийг өргөн барьсан. УИХ-ын гишүүдээс өргөн бариагүй.
Парламентын дархлааг хамгаалахын тулд спикер юу хийж болохгүй вэ гэдгийг томьёолж өгөх шаардлагатай. Ингэж томьёолж өгөөгүйгээс парламентын дархлааг өөрийг нь бүдгэрүүлдэг юм байна.
Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлтийн гурван албан тушаалтан санал зөрсөн. Тухайн үед УИХ-ын дарга байсан хүн өөр саналтай байсан учраас ҮАБЗ-ийн гишүүнийг солих хэрэгцээн дээрээс УИХ-ын даргыг сольж байсан. Эндээс бид УИХ-ын дарга буюу парламентын спикер ҮАБЗ-ийн гишүүн байж болохгүй юм байна гэдэг сургамж авах ёстой байсан. Дэлхий нийтэд ч ийм жишиг байдаггүй.
УИХ-ын даргыг толгойлдог хүн нь өөр газар очоод, ажлаа хариуцдаг хүний даргалж байгаа зөвлөлд цэрэг нь болоод сууна гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага, эрх мэдэл хуваарилалтын үндсэн зарчмыг алдагдуулж байгаа хэрэг.
Өнөөдөр парламентын спикер гэдэг хүн улс төрийн намаасаа түдгэлздэг жишигтэй. Аль нэг намын дарга болдоггүй. Гэтэл олон ургалч үзэлтэй парламентын аль нэг намын дарга даргална гэдэг нь Үндсэн хуулийн гажиг. Энэ алдааг бид засах ёстой.
Цаашид парламентын спикер аль нэг намын дарга байж болохгүй, парламентат ёсыг хамгаалаад зогсож байх, сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой юм байна. Гэтэл өнөөдөр парламентын толгойд аль нэг намын дарга гарч ирэх гээд байгаа учраас бусад намууд хойшоо сууж эхэлсэн.
Парламентын спикер намын дарга байх тухай эсвэл УИХ-ын дарга ҮАБЗ-д байх тухай ямар ч үг, үсэг Үндсэн хуульд байхгүй. Тиймээс бид Үндсэн хуулиа сэргээх үү эсвэл гажуудлаараа цааш явах уу гэдэг сонголтын өмнө АН байна. Бид парламентын ардчиллын төлөө зогсдог намын хувиар УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй. Тийм учраас намаасаа татгалздаг спикертэй байхын төлөө бид тууштай зогсоно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!