Уншиж байна ...

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин, Оскарын шагналт Дайан Китон 79 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналт жүжигчин Дайан Китон 79 насандаа таалал төгссөнийг Бямба гарагт түүний гэр бүлийн төлөөлөгч мэдээлжээ.

Ойр дотны хүмүүсийнх нь хүсэлтийн дагуу илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Китон нь “Загалмайлсан эцэг” цуврал кинонуудад Аль Пачиногийн бүтээсэн Майкл Корлеоны дүрийн найз бүсгүй, гэргий Ки Адамсын дүрийг бүтээсэн хүн юм.

Тэр бас найруулагч Вүүди Аллены 1977 оны бүтээл “Annie Hall” инээдмийн кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ.

Китон нь Аллентай нийт найман кинонд хамтран ажиллаж байв.

зураг
 
Дайан Китон, найруулагч Вүүди Аллен нар

Bafta, Golden Globe зэрэг наадмуудын шагналыг хүртэж байсан Китон “Reds”, “Marvin’s Room”, “Something’s Gotta Give” кинонуудад бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд гурван удаа нэр дэвшиж байжээ.

Уран бүтээлийнхээ замналын сүүлийн жилүүдэд тэр өндөр настай эмэгтэйчүүдийн дүрийг бүтээсэн хоёр кинонд тоглосон нь 2018 оны “Book Club”, 2019 оны “Poms” байлаа.

2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Китон хөгшрөлт амьдралыг улам амар хялбар болгож байгаа талаар ярьсан байдаг.

“Алдах юмгүй болдог тул би тэгж бодож байна. Энэ бол амьдралын үнэн. Бид үүнтэй нүүр тулах ёстой” гэж тэр энэ талаар хэлж байжээ.

1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Лос Анжелес хотод төрсөн Китон нь найруулагч Вүүди Аллен, жүжигчин Аль Пачино, жүжигчин, найруулагч Уоррен Битти зэрэг эрчүүдтэй дотно харилцаатай байсан ч огт гэрлэж байгаагүй юм.

зураг
 
Жүжигчин Китон охин, хүү хоёрын хамт

2019 оны ярилцлагадаа тэр энэ талаар “Киноны уран бүтээлчдийн ихэнх нь хэзээ нэг цагт гэрлэж, дараа нь салдаг. Харин би хэзээ ч гэрлэж байгаагүй. Надад бүтэлтэй зүйл тохиолдоогүй” гэж ярьж байжээ.

Үүндээ харамсдаг эсэх талаар нь асуухад “Би энэ талаар нэг их боддоггүй. Гэхдээ үүнийг би хэвийн биш амьдрал гэдгийг мэдэж байна. Магадгүй би нэг зүйлийг алдсан байх. Гэхдээ эцсийн эцэст хэн ч амьдралаас бүх зүйлийг авдаггүй шүү дээ” гэж хариулсан байдаг.

Китон нь Декстер, Дюк нэртэй охин, хүү хоёртой хүн байжээ.

 

Эх сурвалж: AFP