Уншиж байна ...

JEF: AI биднийг орлох биш, харин хариуцлагатай, ёс зүйтэй болгох арга хэрэгсэл

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“...УИХ бүхэлдээ тарахаар болсон гэнэтийн үйл явдал болсон тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумд оролцохоор ирэх сэтгүүлчдийн нэлээд нь болилоо” гэсэн мэдээг AI-аар бүтээжээ. Хиймэл оюун ухаан бидний төсөөлснөөс өндөр чадамжтай болж, бодит хүнээс ялгарах аргагүй хөгжсөн энэ үед ийм мэдээг энгийн уншигч, үзэгчид AI-аар бүтээснийг нь ялгахад хэцүү. Тийм ч учраас өнөөдөр олон нийтийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлчдэд ёс зүй урьд урьдынхаас чухлаар тавигдаж буйг аравдугаар сарын 10-ны Баасан гарагт болсон зургаа дахь удаагийн "Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF онцоллоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ жилийн форумыг "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд ийнхүү зохион байгуулж, хэвлэл мэдээлэл болон технологийн салбарын 130 гаруй төлөөлөл оролцов.

Дэлхийд технологийн асар том хувьсгал болж буй хиймэл оюун ухаан олон салбарт боломж авчрахын зэрэгцээ сорилт тулгаж байгааг бүхий л талд ярьж буй. Хиймэл оюун ба дижиталчлагдаж буй энэ эринд нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж буйг Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ)-ын өчигдрийн ёс зүйн форум хөндөж хэлэлцлээ. Тэр дундаа сэтгүүл зүйн ёс зүй нь технологийг, ялангуяа хиймэл оюун ухааныг ардчилал, шударга зарчмыг дэмжихэд чиглүүлэх чухал үүрэгтэй болохыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните JEF-2025-ыг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Өнөөгийн дижитал эринд итгэлцэл, хариуцлага, мэдээллийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллаж буй Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл болон DW Akademieд талархал илэрхийлье. Хамтдаа бид технологи хүнийг эн тэргүүнд тавьдаг, ил тод, шударга, хүний эрхийг хүндэлдэг ирээдүйг бүтээж чадна” гэсэн юм.

ХБНГУ-ын Дойче Велле академийн төслийн менежер Килиан Шутце-Алинский JEF-2025-ын нээлтэд цахимаар оролцож, “Хиймэл оюун ухааны хувьд энэ бол удахгүй алга болох чиг хандлага биш гэдэг нь аль хэдийн маш тодорхой болсон” хэмээн хэлээд сэтгүүлч, технологич, продюсер, редактор эсвэл менежер хэн ч байсан, хиймэл оюун ухаан хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйг дахин тодорхойлох шаардлага үүсгэснийг хэлсэн.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир мөн цахимаар ирүүлсэн мэндчилгээндээ “Хиймэл оюуныг ашиглан мэдээллийн урсгалыг түргэсгэх, үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний оюун, шүүлт, ёс зүйн хариуцлагыг орлохгүй гэдгийг бид бүгд ойлгох ёстой. Хиймэл оюун биднийг орлох биш, харин бидний үүрэг, хариуцлагыг илүү ухамсартай, ёс зүйтэй болгох арга хэрэгсэл болж байна.

Мөн өнөөдөр бид зөвхөн технологийн үсрэнгүй хөгжил бус, хүн төрөлхтөний нийтлэг эрх ашиг, нийгмийн итгэлцэл, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийн талаар ярилцах гэж байна. Сэтгүүл зүйн ёс зүйн форум бол салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргах талбар юм” гэдгийг тодотгов.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн зөвлөлийн 10 жилийн ойн энэ онд тохиож буй. Сэтгүүлч шүүх дээр очдог байдлыг халж, салбарт өөрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрүүлж, хэвшүүлж чадсанаараа энэ бүтэц маш ач холбогдолтой. Радио, телевиз, сонин, сэтгүүл, сайтын гээд ХМЗ-ийн ёс зүйн хороод нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн тус бүр 15 гишүүнтэй. Улиралд нэг удаа хуралддаг ёс зүйн хороод нь 2015 оноос хойш өнгөрсөн 10 жилд 600 гаруй өргөдөл гомдол хүлээн авч, үүнээс 400 орчмыг хэлэлцжээ. Ёс зүйн зарчмын нийтлэг зөрчил, хорооны дүгнэлт, үр нөлөөний талаар хорооны гишүүд танилцуулах замаар сэтгүүлч, редакцуудтай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр эдгээр хороод мөн үр дүнгээ хэлэлцэж, санал шүүмжээ хэлэлцсэн юм.

зураг
 
EU Delegation to Mongolia

Энэ удаагийн JEF-ийн нэгэн онцгой оролцогч бол “Болорсофт” компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал байлаа. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчийн өдөр тутмын ажилд хамгийн их хэрэгцээ шаардлагатай буюу яриаг текст болгон хөрвүүлэх, видеонд хадмал орчуулга хийх зэрэг олон хэрэглүүрүүдийг хөгжүүлж ирсэн. Тэгвэл ганцхан хоногийн өмнө “Эгүнэ чат AI”-ийг танилцуулснаа энэ үеэр дуусгалаа. Монгол инженерүүдийн ур чадвараар бүтэж, монгол хэл, сэтгэхүйгээр баяжуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү AI чат нь ChatGPT-тэй өрсөлдөхүйц болсныг тэрбээр ам бардам хэлсэн юм. Зөвхөн сэтгүүлчид төдийгүй бүх хүн ашиглах боломжтой бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, үндэсний хиймэл оюун ухааны бодлгод нийцсэн болохыг тэрбээр онцоллоо.

JEF-2025-ын хамгийн чухал сэдэв болох “Хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол” хэлэлцүүлгээр мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, зохицуулалт, зохиогчийн эрх, хэрэглээний ёс зүй, мэдээллийг үргэлж нягтлах шаардлагатайг чухалчиллаа.