Гэмт хэргийн гаралт огцом өсөж, улс орон даяар тогтворгүй байдал үүссэн үндэслэлээр Перу улсын парламент өчигдөр тус улсын ерөнхийлөгч Дина Болуартег огцруулах шийдвэр гаргажээ.
Болуарте өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцсэн парламентын сонсголд биечлэн оролцохоос татгалзсан байна.
Перугийн парламентын гишүүдийн олонх нь, тэдгээрийн дотор нэг үе Болуартед үнэнч явсан хууль тогтоогчид хүртэл огцруулах шийдвэрийг дэмжжээ.
2026 оны дөрөвдүгээр сард болох ээлжит сонгуулийг хүртэл ерөнхийлөгчийн үүргийг конгрессын спикер Хосе Жери хавсран гүйцэтгэхээр болсон байна.
Болуартегийн засаглалын жилүүд бослого тэмцэл, элдэв дуулианаар дүүрэн байсан бөгөөд гэмт хэргийн гаралт огцом өссөн юм.
Өнгөрсөн хугацаанд Болуартег огцруулах хөдөлгөөн хэд хэдэн удаа өрнөж байлаа.
Сүүлийн тохиолдолд 2022 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажилдаа орсон түүнийг цааш үргэлжлүүлэн ажиллах “ёс суртахууны чадваргүй” гэсэн үндэслэлээр огцруулжээ.
Өмнөд Америк тивийн Перу улс сүүлийн есөн жилийн хугацаанд зургаан ерөнхийлөгчийн нүүр үзэж байна.
Болуартегийн өмнөх ерөнхийлөгч Педро Кастилло өөрийнх нь эсрэг жагсаал тэмцлийг нухчин дарах үеэр 50 орчим хүний амь үрэгдэж, нэр хүнд нь огцом унасны дараа огцорсон юм.
Болуарте авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт шалгагдаж байгаа. Тэдгээрийн нэг нь үнэтэй бугуйн цаг, тансаг эдлэлүүдийг бэлэгт авснаа мэдүүлээгүй нуусантай холбоотой “Rolexgate” гэгдэж буй хэрэг юм.
Болуарте өнгөрсөн долдугаар сард өөрийнхөө цалин хангамжийг эрс өсгөх шийдвэр гаргасан нь Перугийн ард иргэдийг хилэгнүүлж байв.
Есдүгээр сарын 5-ны өдөр Болуартегийн засгийн газар залуучуудаар хувийн тэтгэврийн сангуудад шимтгэл төлүүлэх шийдвэр гаргасан нь эсэргүүцлийн шинэ давлагааг эхлүүлсэн юм. Ажилгүйдлийн түвшин албан бус тоо баримтаар 70 хувьд хүрсэн Перу улсын нийгэмд энэ нь тэсвэрлэхийн аргагүй шийдвэр байлаа.
Сүүлийн зургаан сарын хугацаанд Перуд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн аллага, дээрэм эрс нэмэгдсэн нь Болуартег огцруулах бас нэг хүчин зүйл болжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!