Уншиж байна ...

Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том гэр бүлийн хөрөнгө хуваах шүүхийн шийдвэр аравдугаар сарын 16-нд гарна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

SK группийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон, түүний салсан эхнэр Ро Со Ён нарын хөрөнгийг хуваах шийдвэрийг Өмнөд Солонгосын Дээд Шүүх аравдугаар сарын 16-нд гаргах товыг өчигдөр зарлажээ.

Тэдний гэр бүл салалт Өмнөд Солонгосын орчин үеийн түүхэнд хамгийн том хөрөнгө хуваалтыг дагуулах төлөвтэй байгаа.

Мөн тус улсын хоёр дахь том бизнесийн групп SK Group-ийн хувь эзэмшлийн харьцааг ч өөрчилж болзошгүй болоод байна.

Дээд Шүүх шийдвэрээ аравдугаар сарын 16-ны өглөөний 10:00 цагт зарлахаар болсныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Чэй Тэ Вон, Ро Со Ён нар долоон жилийн өмнө өмч хөрөнгөө хуваах тэмцлийг эхлүүлж байсан юм. 15 сарын өмнө Өмнөд Солонгосын Дээд Шүүх тэдний маргааныг хянаж эхэлсэн байна.

Маргааны гол асуудал нь тэдний хөрөнгө хуваалтад SK Group-ийн хувьцаа багтах эсэх юм.

Чэй Тэ Воны тал үүнийг өөрийн талийгаач эцгээс өвлөж авсан тусгай өмч тул гэр бүлийн хөрөнгө хуваалтад орох ёсгүй гэж үзэж байгаа.

Харин Ро Со Ёны тал үүнийг экс нөхрийнх нь хуримтлуулсан гэр бүлийн дундын хөрөнгийн эх үүсвэр тул хуваалцах ёстой гэж үзэж байна.

Ро нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Дэ Угийн охин юм.

2024 оны тавдугаар сард Сөүл хотын шүүх Чэй Тэ Воны гэр бүлийн хөрөнгийн хэмжээг 4 их наяд вон гэж үнэлсний үндсэн дээр Род 1.38 их наяд воны (бараг $1 тэрбум) хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргаж байжээ.

Өмнө нь доод шатны шүүх SK Group-ийн хувьцааг тусгай өмч гэж үзсэн үндэслэлээр Род үүнээс 20 дахин бага буюу 66.5 тэрбум воны хөрөнгө хуваарилах шийдвэр гаргаж байв.

Сүүлийн шийдвэрийг Чэй Тэ Воны тал Дээд Шүүхэд давж заалдсан нь ийнхүү ирэх долоо хоногийн Пүрэв гарагт эцэслэн шийдэгдэхээр болж байна.

 

Эх сурвалж: Korea Times