Уншиж байна ...

Трампыг шагнаагүй Нобелийн шагналын хороог Цагаан ордон шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт 2025 оны энх тайвны Нобелийн шагналыг Венесуэлийн ардчиллын төлөө тэмцэгч эмэгтэйд олгох шийдвэрийг зохион байгуулах хороо нь зарласан юм.

Мариа Корина Мачадог шагнах болсон шалтгаанаа Нобелийн шагналын хороо “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөө цөхрөлтгүй тэмцсэн” гэж дүгнэжээ.

Гэвч энэ мэдээ уг шагналыг хүртэхээр хүлээж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нэлээд бухимдуулсан бололтой.

Тэрбээр өөрийгөө энх тайвны Нобелийн шагнал хүртэх гавьяатай хүн гэж үздэг бөгөөд үүнийгээ байнга илэрхийлдэг.

Трамп есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ энэ санааг хэд хэдэн удаа давтан илэрхийлж байлаа.

Ямартай ч тэр өчигдөр Мачадо руу утсаар залгаж, баяр хүргэснийг Цагаан ордны албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Сүүлд Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирал Стивен Чюн “Нобелийн шагналын хороо энх тайвнаас улс төрийг дээгүүр тавьдаг нь нотлогдсон зүйл. Ерөнхийлөгч Трамп энх тайван тогтоох, дайныг зогсоох, хүмүүсийн амийг аврах ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Тэрбээр хүмүүнлэг үзэлтэй нэгэн бөгөөд түүн шиг уулыг өргөж чадах хүчтэй хүнлэг сэтгэлтэй өөр хүн нэгээхэн ч байхгүй билээ” гэж мэдэгджээ.

Энх тайвны Нобелийн шагналтныг зарлахаас хоёр хоногийн өмнө Газын зурваст дайны галыг зогсоох тохиролцоонд Израиль, Хамасын талууд хүрсэн бөгөөд үүнд Трамп голлох үүрэгтэй оролцсон гэдэг.

АНУ-тай сайн харилцаатай байх хүсэлтэй дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Трампыг энх тайвны Нобелийн шагнал хүртэх эрхтэй хүн гэж ил тод зусардаж байлаа.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бас Трампыг дэлхийн хэмжээний дайн мөргөлдөөнүүдийг шийдвэрлэхийн тулд маш их зүйл хийсэн хүн гэж магтсан байна.

Трамп үүний хариуд “Ерөнхийлөгч Путинд баярлалаа!” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Шагналыг хүртэхээр болсон Мачадо бас сошиал хуудсандаа “Би энэ шагналыг Венесуэлийн зовж шаналсан ард түмэнд болон бидний үйл хэрэгт шийдэмгий дэмжлэг үзүүлсэн ерөнхийлөгч Трампад зориулж байна” гэж бичсэн юм.

Трамп түүний энэ мэдэгдлийг өөрийн сошиал хуудсанд дахин нийтэлсэн байна.

Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хугацаа жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд хаагддаг. Трамп тухайн үед үүрэгт ажилдаа ороод ердөө арав хонож байжээ.

Шагналын хороо хоёроос есдүгээр сарын хооронд хуралдаж, нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэд танилцуулдаг юм.

2024 оны наймдугаар сард АНУ-ын хэсэг хууль тогтоогчид Мачадогийн нэрийг Нобелийн шагналд дэвшүүлж байжээ.

Тэдний дотор Трампын төрийн нарийн бичгийн даргаар одоо ажиллаж буй Марко Рубио байсан юм.

Гэхдээ Трампын дэлхий дахинд энх тайван тогтоох үйл хэрэг үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа.

Тэрбээр Украины дайныг зогсоох амлалтаа биелүүлж чадахгүй байна. Бас Газын зурваст гал зогсоох гэрээ нь дөнгөж эхний шатандаа явж байгаа.

Трампыг хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараахан түүний холбоотой Илон Маск төсөв хэмнэх нэрээр АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг USAID агентлагийг татан буулгасан.

Энэ алхам нь дэлхийн олон оронд хэрэгжиж байсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Трамп өөрөө бас Америкийг нэгдүгээрт тавих гадаад бодлого явуулсан нь дэлхий дахинд тогтсон дэг журмыг эвдэж, хаа сайгүй тогтворгүй байдал, хямрал бий болгосон. Мөн цагаачдыг АНУ-аас албадан гаргах ажлыг эхлүүлсэн нь хүний эрхийн байгууллагуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа.

Нобелийн энх тайвны шагналыг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчдөөс Теодор Рузвельт, Вудро Уилсон, Жимми Картер, Барак Обама нар хүртэж байжээ.

Тэднээс зөвхөн Обама ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа уг шагналыг хүртсэн юм.

 

Эх сурвалж: BBC