АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын нэгнээс хэтрүүлэхгүйгээр Хятад улсын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн импортын татвар нэмж ногдуулахаа өчигдөр орой мэдэгджээ.
Хятадын эрх баригчид газрын ховор элементийн экспортдоо тавих хяналтыг чангаруулсан нь Трампыг ийм хариу арга хэмжээ авахад хүргэсэн гэнэ.
“Арваннэгдүгээр сарын нэгнээс, эсвэл Хятадын талаас авах арга хэмжээнээс хамааран үүнээс ч өмнө АНУ тус улсын бараа бүтээгдэхүүний импортын татварын одоогийн хэмжээг 100 хувиар нэмж өсгөх болно” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.
Мөн тэр бас энэ сарын сүүлээр Өмнөд Солонгост зохион байгуулагдах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах “ямар ч шалтгаан байхгүй” болсныг мэдэгдсэн байна.
“Яг одоо бидний тооцоолж буй нэг алхам бол Америкийн Нэгдсэн Улсад ирж буй Хятадын бүтээгдэхүүний татварын хэмжээг асар их хэмжээгээр өсгөх явдал юм. Үүнтэй адил олон хариу арга хэмжээг нухацтай судалж байна” гэж Трамп мэдэгджээ.
Энэ оны эхээр Трампын санаачилгаар дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн дэгдсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд талуудын төлөөлөгчид Швейцар, Их Британид уулзаж хэлэлцсэний дараа харилцан импортын татвараа бууруулахаар тохиролцсон ч Америкийн аж үйлдвэрүүдэд шаардлагатай ховор металлын экспортоо Хятадын эрх баригчид хязгаарласаар байгаа.
“Би хоёр долоо хоногийн дараа Өмнөд Солонгост болох АПЕК-ийн уулзалтын үеэр Ши даргатай уулзах байсан ч одоо ингэх ямар ч шалтгаан байхгүй боллоо” гэж Трамп мэдэгдсэн байна.
Трампын сүрдүүлгийн улмаас Баасан гарагт Америкийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унажээ.
Тухайлбал S&P 500 индекс 2.7 хувиар унаж, хөрөнгийн зах зээлд дөрөвдүгээр сараас хойш хамгийн муу өдөр тохиосон байна.
Пүрэв гарагт Хятадын засгийн газар газрын ховор элементийн экспортын хяналтаа чангатгах шийдвэрийг зарласан юм.
Тухайлбал гадаадын компаниуд ховор металлыг гадаад зах зээлд экспортлохдоо Бээжингээс тусгай зөвшөөрөл авах ёстой болсон байна.
Мөн газрын ховор элемент олборлох, боловсруулахтай холбоотой технологийн экспортыг тусгай зөвшөөрөлтэй болгож, цэрэг зэвсгийн зориулалтаар ашиглах бүх төрлийн бүтээгдэхүүний экспортыг хоригложээ.
Хятад улс нь орчин үеийн технологийн гол түүхий эд болдог газрын ховор элементийн олборлолтын 70 хувийг, тогтмол соронз үйлдвэрлэлийн 93 хувийг дангаараа эзэлдэг үзүүлэлтээр дэлхийд ноёрхдог юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!