Уншиж байна ...

Л.Оюун-Эрдэнэ: АМНАТ-ийн асуудлыг Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл байгаагийн нэг нь Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр буюу АМНАТ-тэй холбоотой асуудал юм. 

Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан.

Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна гэж дурджээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Биржийн хуулийн журмыг Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдахгүйгээр хийх боломжтой байсан. Наймдугаар сарын байдлаар улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. АМНАТ-ийг маш багаар тогтоосон хугацаанд 3.4 сая тонн нүүрсийг экспортод гаргасан байна. Энэ хууль зөрчсөн АМНАТ-ийн дагуу цаасанд зурагдсан нүүрсийг гаргахын тулд эдийн засгаа сүйрүүлдэг бодлого явж байна. 

Есдүгээр сард 85 гэрээ байгуулагдаад 3.5 сая тонн нүүрс зарсан байна. Нэг саяыг биржээр зарчхаад үлдэгдлийг нь яаж зарсан бэ?

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоногийн дотор учиргүй төрөл арилжаад, харь гарагаас буугаад ирчихсэн гэж би бодохгүй байна. АМНАТ-тэй холбоотой асуудлыг Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Уг нь Сангийн сайд Б.Жавхлан ноён нуруугаа хугалчихгүй шиг над дээр орж ирээд ийм дарамтад ороод байна, гүрийгээд яваад байгаа гэдэг байлаа. 

Хэдүүлээ худал яриад яах вэ дээ. Улсаасаа том компанитай болчихсон юм бол улсынхаа нэрээ MCS гэж өөрчилье. 

Одоо бол нэг компанид давуу тал олгосон асуудлыг шийдсэн гэсэн үг. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Өнөөдрийн хуралдааны үеэр АМНАТ-тэй холбооттой асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар болон Л.Оюун-Эрдэнэ нар тайлбарлав. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Ашигт малтмалын тухай хуулиар төрийн өмчит компаниуд заавал Биржээр зардаг. Хувийн компаниудад хамаагүй. Наймдугаар сард улсын төсөв 53 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Урьд нь биржээр зарагддаггүй байсан бол энэ шийдвэртэй холбоотойгоор биржээр зарах тоо хэмжээ нэмэгдсэн. Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль зөрчигдөж байгаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Зарим гишүүний асуулт асуухад минут нь явдаггүй, хариулт өгөх ёстой хүн хариулдаггүй. Огцруулах санал гаргасан хүн хурал удирдаж байгаа.

Би Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилж чөлөөлөх саналаа есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд бол улсын яллагч биш. 

Нүүрсний сонсгол зохион байгуулсан мэдээлэлтэй хүн учраас нүүрсний хулгай тэмцэх ажлыг бодитой хэрэгжүүлнэ. Өнөөдөр манай улсын эдийн засаг нүүрснийх болсон. Гэтэл нүүрсэнд байгаа хулгай зэлгий бүх шатанд эдийн засгийг доройтуулж байгаа учраас ийм шийдвэр гаргасан. 

П.Сайнзориг гишүүн эдийн засгийн ямар ч ойлголтгүй юм байна. Эдийн засаг 2.6 хувь болж унасан байсан бол харин одоо 5.7 хувь болж өссөн гээд статистик дээр бичсэн байгаа. Энержи Ресурс компани 55 дугаар тогтоолоос нэг ч төгрөгийн ашиг орлого хүртээгүй.  Тэр компанид хамаарахгүй. Төрийн өмчийн компаниуд бүгд 100 хувь биржээр арилжаалж байгаа. Ийм хийсвэр дүгнэлтээр Засгийн газрыг огцруулах санал оруулж ирсэн та эрх ашгийн зөрчилтэй байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/1068297511890361