Уншиж байна ...

Богдхан уулын Дугуй цагаан дээрх "Хангарьд"-ын хөшөөг шинэчилсэн байна

П.Зоригт, IKON.MN
2025 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Богдхан уулын савдаг шүтээний дүрс бүхий "Хангарьд" шувууны хөшөөний баримлыг энэ сард бүрэн шинэчилсэн байна. 

Уран баримлын эх загварыг МУЭ-ийн гишүүн, уран барималч Б.Ганбаатар гаргаж, уран барималчдын багтайгаа хамтран хийж гүйцэтгэжээ.

Тус баримлын домгийн шувуу "Хангарьд" нь түүх сударт өгүүлснээр могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрслэгдсэн. Уран баримлыг файбер классик материалаар барьж, хүрэл өнгөөр будаж хийж гүйцэтгэсэн байна. Баримлын өндөр 1.2 метр ба чулуун төмөр суурь 2.4 метр өндөртэй.

Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байсан бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагч нар хуучин хөшөө баримлыг буулгаж, шинэ баримлын чулуун суурийг өнгөрсөн өдрүүдэд хийж гүйцэтгэв.

Аравдугаар сарын 8-нд буюу намрын дунд сарын шинийн 16-ний өдөр уран баримлыг аравнайлах ёслолыг зохион байгуулжээ. 

Түүнчлэн Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас камерын хяналтын системийн нэгдсэн төвтэй болох зорилтын хүрээнд Богдхан уулын Дугуй цагаан дээр хяналтын камер байршуулсныг мэдээлэв. 

Ингэснээр Дугуй цагаан дээрх тус хөшөө баримлын бүрэн бүтэн байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсныг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.