Уншиж байна ...

"Монголын Бийч Волейболын Холбооны тамирчид Турк Улсын багтай хамтарсан бэлтгэл хийнэ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Олимпын Зөвлөл (AOC)-ийн ивээл дор зохион байгуулагдах залуучуудын Азийн наадам энэ сарын 22-ноос 31-нийг дуустал Бахрейн Улсад болно.

Энэ тэмцээний бийч волейболын төрөлд Монгол Улсын шигшээ баг оролцох болсонтой холбоотойгоор тус холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ.

Монголын Волейболын Холбоо (МВХ)-ны тэргүүнээр Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн асан Н.Амарзаяа сонгогдсон. Шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн сард Удирдах Зөвлөлөө байгуулснаа мэдэгдэж, анхны тогтоолоороо А.Очгэрэлийг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон билээ.

Хурлын эхэнд А.Очгэрэл "Холбооны дүрэмд зааснаар салбар холбоо байгуулагдвал дэмжих үүрэгтэй байдаг. Тиймээс бид 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр элсний волейболын төрлийн нэг болох Монголын Бийч Волейболын Холбоо (МБВХ)-ны батламжийг гардуулсан. 

Цаашлаад МВХ нь МБВХ-той нягт уялдаа холбоотой байж бодлогоор дэмжиж ажиллах болно" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр байгуулагдсан холбооныхоо талаар тэргүүн н.Ганзориг "Манай холбоо нь МВХ-ны салбар гэдгийг сая хэллээ. Гэхдээ бид санамж бичиг байгуулахдаа нэг зүйлийг онцолж тусгасан. Тодруулбал санхүүгийн болон маркетингийн бодлогын хувьд хамааралгүй байхаар тохиролцсон.

Тиймээс манай холбоо "Монголын Бийч Волейболын Нарлаг Спортын Төв" сан байгуулсан. Энэ сангаар дамжуулан манай холбоонд тулгарч байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм.

Одоогоор манай улсад бийч волейболын зориулалтын талбай байхгүй. Тиймээс орон нутаг, дүүргээр дамжуулан цэцэрлэгт хүрээлэнд талбай байгуулахаар зорьж буй.

Мөн Турк Улсын волейболын холбоотой холбогдсоноор Бахрейнд болох Азийн залуучуудын наадамд оролцох шигшээ баг маань энэ сарын 17-ныг хүртэл тус улсын багуудтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон.

Шигшээ баг маань энэ сарын 12-нд Турк Улсад очоод 17-ныг дуустал бэлтгэлд хамрагдаад Бахрейныг зорино.

Бийч волейболын төрөл нь зөвхөн мэргэжлийн тамирчдыг олимпод бэлдэхэд бус аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бахрейнд болох Азийн залуучуудын наадамд оролцох талаар тус холбооны нарийн бичгийн дарга н.Оюунтуяа "Бид энэ тэмцээнд оролцох баг тамирчдынхаа сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс эхэлж Багануур дүүрэгт явуулсан.

Эндээс дөрвөн тамирчнаа сонгож аваад Дорноговь аймагт бэлтгэлээ базааж эхэлсэн. Үргэлжлүүлээд Төв аймгийн Баянчандмань суманд бэлтгэлд гарсан. Цаашлаад Турк Улсад хамтарсан бэлтгэлд гарснаар олон улсын тэмцээнд оролцох дүрмийн талаар илүү мэдээлэлтэй болно" гэсэн юм.

Монголын Бийч Волейболын Холбоо (МБВХ) ирэх жил БНХАУ-д болох Азийн Бийч Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн болон Японд болох Азийн Наадамд насанд хүрэгчдийн ангилалд тамирчдаа оролцуулахаар бэлдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.