Уншиж байна ...

С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгийг өгөхгүй гэдэг асуудал байхгүй. Хөдөлмөр эрхэлж буй ээж аавыг нь татвараас чөлөөлөх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг дахин хөндөв. Учир нь тэрбээр энэ долоо хоногийн эхэнд хүүхдийн мөнгөний талаар мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Бид нар Монгол Улсын мөнгөний бодлогын талаар ярилцаж байна. Монголбанк инфляцын бодлогыг хариуцаж явдаг. Инфляцад хамгийн их нөлөөлдөг зүйл бол Засгийн газрын урсгал зардлаар дамжаад бэлэн мөнгө маш их хэмжээгээр нийлүүлэгддэг асуудал байгаа. Засгийн газар гоё нэртэй төсөл санаачлаад бэлэн мөнгө хэлбэрээр зах зээлд шууд нийлүүлдэг. Үүнийг сонгуультай холбоотойгоор элдэв шинэ төсөл санаачилдаг. 

Тухайлбал 2024 оны хоёрдугаар сард Эрдэнэс Тавантолгойгоос 1,072 ширхэг хувьцааг нэг хүнд 350 мянган төгрөг өгнө гэж тооцоод 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан компанийн 3.9 их наядыг нь тараачихсан.  Нэг тэрбум ам.долларын дүнгээр 600 мегаваттын цахилгаан станц барьчих боломжтой мөнгө иргэдэд тараагдаад инфляц өсгөөд дууссан. Үүний дараа Шинэ хоршоо хөдөлгөөн байна. 

Иргэдийн дунд хамгийн их удаан хугацаанд хэрэгжиж хүрсэн хөтөлбөр нь Хүүхдийн мөнгө. Хүн амын бодлоготой уялдаж, хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгждэг. Хөдөлмөр эрхлэлттэй энэ асуудлыг холбож өгөх ёстой. Хүүхдийн мөнгийг зүгээр бэлэн мөнгөөр дансанд нь хийхээс илүүтэй хөдөлмөр эрхэлж буй ээж аавыг нь орлогын албан татвараас чөлөөлөх ёстой.

Нэн ядуу айл өрхүүд байгаа, хүнсний хомсдолд орчихсон. Тэр хүмүүст тусгай бодлого хэрэгжүүлдэг. Дотоодын үйлдвэрлэгч нараас сүү, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авах зорилгоор гаргадаг. Тэгэхгүй бол бэлэн мөнгө нийлүүлчихдэг, энэ нь монгол үйлдвэрлэгч нар нийлүүлэгдэж үлдэхгүй байна. Энэ бодлого маань буруу байна. 

Хүүхдийн мөнгийг хасах, өгөхгүй гэдэг асуудал байхгүй. Хамгийн гол асуудал нь бодлогыг хэрхэн зөв болгох, хөдөлмөр эрхлэлттэй яаж уях вэ. Мөнгөний бодлого талаасаа сайжруулах боломж байна вэ" гэв.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хүүхдийн мөнгө бол олон улсад байдаг бодлогын арга хэрэгсэл. Хүн амаа өсгөх, зорилтот бүлгээ хамгаалах чиглэлтэйгээр хэрэгждэг. Манайд бол хавтгай явж байгаа гэж болно. Олон улсын валютын сангийн дүгнэлтэд зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх талаас ярьж байгаа. 

Хүүхдийн мөнгө хуваарилагдаад юу болж байгаа вэ гэдэг судалгаа бий. Сар бүр очиж буй 100 мянган төгрөгийн 30 хувь нь хүүхдийн хуримтлалд, 70 хувь хэрэглээнд явдаг гэсэн судалгаа байгаа. Сошиал мэдээллээс харахад хүүхдийн мөнгө хуваарилсны дараа хотын захад хүнсний борлуулалт нэмэгддэг. Тэр бүү хэл архины борлуулалт нэмэгддэг. Шууд бэлэн мөнгө тараахад эерэг болон сөрөг үр дагавар бий. 

Ямар ч байсан зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого байх ёстой. Өрхийн орлогод маш том байр суурь эзэлж байгаа өрхөд хүүхдийн мөнгө зайлшгүй байх шаардлагатай. Зарим хэсэгт хүүхдийн мөнгө хэрэггүй бол хуваарилахаа хэрэгцээ байхгүй.

Японд хүүхдийн мөнгийг өгөхдөө аав ээжийнх нь төлсөн татварын мөнгийг буцаан олгодог. Мөн дотоодын үйлдвэрлэлийн хүүхдэд зориулсан барааг тараадаг. Яг ийм хэлбэр рүү шилжих нь зөв" хэмээн ярилаа. 

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1872522770275343