Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилох асуудлыг хойшлуулсан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Айсан хүнд аргал хөдөлж байна даа. Нүүрсчид энэ хэдэн өдрүүдэд амь тавьж байна даа. Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томиллоо гэсэн чинь зарим нэг нь ухаан алдаж унах гэж байна. Энэ зүйл саяхан ил болоогүй. Админералтай холбоотой, холбоогүй гэж ярьж байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын хурал дээр буюу Нүүрсний сонсгол болохоос 45 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд чи одоо болио гэж байсан. Д.Амарбаясгалан даргаа Монгол жижигхэн, хүн ам цөөн, наад Админералын асуудлаа өөрөө шийдээ, шийдэхгүй бол асуудалтай шүү гэдэг зүйлийг ярьж байсан.
2023 оны есдүгээр сард Д.Амарбаясгалан гэж хүн социалист маягийн авлига үүсгэлээ гэдэг мэдээлэл Германы хэвлэл мэдээллийн сайт дээр гарч байсан. Ерөнхий сайд Засгийн газар дээр Ц.Чулуунзагдаа өөрөө зайлуул гэж ярьж байсан. Энэ нь би томилоогүй шүү, чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна шүү гэдгийг шууд хэлж байсан.
Би хувь эзэмшдэггүй гэж л нотлоод байгаа. Хэн хувь эзэмшдэг гэж хэлээд байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу. Хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг нь олгооч ээ. Бор тээгийн ордыг Админералд компанид олгосон асуудал нь илт хууль бус болсон учраас хүчингүй болго гэсэн УИХ-ын шийдвэр гарсан.
Энэ бол нам хоорондын асуудал биш болсон. Нам дамнасан бүлэглэл хоорондын тулаан, шоронд орох уу гэсэн тулаан болж байгаа.
Нүүрсний сонсгол олон 2 жилийн өмнө шууд дамжуулагдсан. Маш нууцын тамгатай гэрээг нэг өдрийн турш ярьсан. Амундра гэж Монголын топ офф-тэйкчин хүн, хэдэн их наядын гэрээ хийсэн. Голомтын Баясгалан гэж хүн ирсэн. Офф-тэйк гэрээний төлбөрт орж ирсэн хэдэн сая ам.доллар Голомт банкны дансаар дамжуулагдсан боловч дансны хуулгаа өгөөгүй.
Ц.Чулуунзагд, Ц.Ламжав нар 2023 оны эхээр яллагдагч байсан, харин хоёр жилийн турш шалгахгүй байлаа. Хэн энд нөлөөлсөн бэ. Талийгаач маш их мөнгөтэй хүн байсан. Маш их гэдэг нь дансандаа хэдэн арван тэрбумтай байсан. Монгол Улсын иргэний хуульд зааснаар хүн нас барснаас хойш 1 жилийн дараа өв залгамжлах эрх үүсдэг. Тухайн хүний хөрөнгийг эхнэр хүүхэд нь 1 жилийн дараа авна. Талийгаач ар гэр өв залгамжлах эрхээ аль болох хурдтай авахыг хүсдэг. Хэрэв энэ асуудал хууль хяналтын шатаар явбал эрсдэл үүсэх асуудал байдаг.
Гэтэл тэр хүний гарын үсгийн дардас нь Ц.Чулуунзагдаас гарч ирсэн. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийж байсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг прокурорын зөвшөөрөлтэй хэлсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!