Украины талд байлдаж буй Оросын иргэдэд хандив өгсөн шалтгаанаар цөмийн физикийн нэг мэргэжилтэн 18 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл авсан тухай Коммерсант сонин өчигдөр шүүхийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Нижний Новгород мужийн Саров хот дахь Оросын Холбооны Цөмийн Төвд судалгааны инженерээр ажилладаг Руслан Шадиевыг шүүх эх орноосоо урвасан, террорист үйл ажиллагааг дэмжсэн хэрэгт буруутгасан юм байна.
Тэрбээр Украины талд байлдаж буй Оросын иргэдээс бүрддэг Оросын Эрх Чөлөөний Легион, Оросын Сайн Дурын Корпус зэвсэгт бүлэглэлүүдийн дансанд крипто хэтэвчнээсээ 1,200 рубльтэй ($13) тэнцэх хандив шилжүүлсэн нь мөрдлөгийн явцад илэрсэн гэнэ.
Оросын эрх баригчид эдгээр бүлэглэлүүдийг “террорист байгууллага” гэж үздэг.
Мөн хандивын зарим хэсгийг цэргийн албанаас зугтагсдад тусалдаг “Идите Лесом” хүний эрхийн байгууллагын дансанд шилжүүлснийг тогтоожээ.
Шадиев хандив хүлээн авагчид террорист статустай байсныг мэдээгүй, ядарсан хүмүүст тусалж байна гэж ойлгосон тул өршөөл үзүүлэхийг шүүхээс хүссэн боловч хүлээж аваагүй байна.
Мөн түүний хамаатнууд эд хөрөнгийг нь зарж, олсон орлогоо Оросын армид хандивлан хэргийг цайруулахыг оролдсон ч нэмэр болоогүй гэнэ.
Одоо Шадиевын өмгөөлөгчид ОХУ-ын Дээд Шүүхийн цэргийн зөвлөлд шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-д эх орноосоо урвасан болон тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх хэргийн гаралт эрс нэмэгдсэн юм.
Кирилл Парубецийн Судалгааны Төвийн мэдээлснээр зөвхөн 2025 оны эхний хагаст Оросын шүүх нийт 224 хүнийг эх орноосоо урвасан болон тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт яллажээ. Энэ нь орчин үеийн Оросын түүхэнд хамгийн өндөр тоон үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: Коммерсант
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!