Газын зурваст дайтаж буй Израиль, Хамасын талууд энхийн гэрээний эхний шатанд гарын үсэг зурсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө зарлажээ.
“Энэ нь Хамасын тал бүх барьцааны хүмүүсийг суллаж, Израиль улс цэргээ тохиролцсон шугам руу татна гэсэн үг юм” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Мөн Трамп ойрын үед Ойрх Дорнодын бүс нутагт айлчлах төлөвлөгөөтэй байгааг Цагаан ордон мэдээлжээ.
Египетийн Шарм Эль-Шэйх хотод одоо АНУ, Египет, Катарын зуучлагчид Газын зурваст гал зогсоох тохиролцоонд Израил, Хамасын талуудыг хүргэх зорилготой ажиллаж байгаа юм.
2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллагын гишүүд Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа энгийн иргэн голдуу 1,200 орчим хүний амийг хөнөөж, 251 хүнийг барьцаалсны улмаас Палестины газар нутаг Газын зурваст дайн эхэлж байв.
Одоогоор Хамасын мэдэлд 48 барьцааны хүн амьд байгаа гэж үздэг.
Хэрвээ Трампын мэдээлэл үнэн бол дайн эхэлснээс хойш яг хоёр жил, хоёр хоногийн дараа Израиль, Хамасын талууд энхийн гэрээ байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Израилийн зэвсэгт хүчний Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны улмаас 67,183 хүний амь үрэгдсэн гэх тоог Хамасын албаныхан сүүлийн байдлаар өгдөг.
Хамас буюу Исламын Эсэргүүцлийн Хөдөлгөөн нэртэй зэвсэгт байгууллага нь Палестины нутагт тооцогддог Газын зурваст 2007 оноос хойш засаглалаа тогтоож байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!