Италид нээлтээ хийх "Милан Кортина 2026" өвлийн олимпод оролцох тамирчдын ёслолын жагсаалын талаар тус улсын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны Лучиано Буонфмигло мэдээлэл өглөө.
Тэрбээр өнгөрсөн Даваа гарагт орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа нээлтэд оролцох баг тамирчид хоёр тугчтай оролцохоор болсныг онцолжээ.
Энэ талаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентритай тохиролцсон гэв. Тэд Швейцар Улсад хийсэн уулзалтынхаа үеэр ингэж шийдсэн байна. Италичууд нээлтийн ёслолын жагсаалыг Милан болон Кортина хотод зэрэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Тодруулбал эрэгтэй, эмэгтэй хос буюу дөрвөн тугч улсаа төлөөлөх боломжтой байх аж.
Гэхдээ улс орнууд хэдэн тугчтай оролцохоо өөрсдөө шийдэх эрхтэй байна.
Сонирхуулахад олимпын бамбарын буухиа энэ оны арваннэгдүгээр сарын 26-наас Грекээс хөдлөөд арванхоёрдугаар сарын 4-нд Италийн Ром хотод ирнэ. Хоёр хоногийн дараа буюу 6-наас Итали даяар "аялаад" ирэх оны хоёрдугаар сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийх юм.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!