Монголд нэг талд ажилгүй залуус олширч, нөгөө талд хүний нөөцийн хомсдол гүнзгийрч байна. Энэхүү хоёр туйлын асуудлыг онцлон хэлэлцэх зорилгоор “Хүний нөөцийн хомсдол ба ажилгүйдэл” сэдвийн хүрээнд HR Day 2025 арга хэмжээг зохион байгуулж буй талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хүний нөөц, технологи ба бүтээмжийг ярилцах өдөр буюу "HR Day 2025" Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг энэ жил "Symbiosis of Human and Al" буюу “Хүн ба хиймэл оюуны харилцан хамаарал" сэдвийн дор Монголын хүний хөгжлийн консорциум, Zangia.mn болон ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран 10 сарын 13-ны өдөр M Bank Arena-д зохион байгуулах гэж байна.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр энэ жил хиймэл оюун ба хүний чадамжийн уялдаа, технологи болон бүтээмж, хөдөлмөрийн ирээдүй, чадварын хувьсал зэрэг сэдвийг хэлэлцэхээрээ онцлогтой болох аж.
Монголын хүний хөгжлийн консорциумын тэргүүн Г.Тэгшбүрэн "Мэргэжлийн онцлог ажил олгогч хоёрын шаардлагын зөрүүгээс үүдэж, хүний нөөцийн хомсдол үүссэн мэт харагддаг. Үүнийг арилгах олон арга бий. Хиймэл оюун ухаан, технологи, программчлал, ботуудыг юун дээр хэрэглэж, хүний хүчин зүйлийн хамаарлыг багасган ихэнхийг нь технологиор шийддэг шийдлийг дэлхий нийтээр эрэлхийлж байна.
Үүнээс гадна боловсролын системийг зөв хийж, Монгол Улсын эдийн засгийг гол сектороо болгоод ойрын 5, 10 жилд ямар мэргэжилтнүүд хэрэг болох талаар хүний нөөцийн төлөвлөлт хийн түүнийхээ дагуу их дээд сургуулиудад захиалга өгч боловсон хүчнээ бэлтгэдэг систем рүү орвол хүний нөөцийн дутагдалгүй байж болно гэх жишээтэй олон сэдвийг HR Day 2025 арга хэмжээн дээр ярина" гэв.
Уг арга хэмжээнд LinkedIn-н гол мэргэжилтэн голлох илтгэгчээр оролцох ба Монголын хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагууд, олон улсын экспертүүд ирээдүйн хүний нөөцийн чиг хандлага, хүн юу хийх, хиймэл оюун ухаан юуг хийх зэрэг судалгаа, шилдэг арга туршлагуудаа хуваалцах аж. "HR DAY 2025” арга хэмжээ нь илтгэл, хэлэлцүүлгээр хязгаарлагдахгүй. Оролцогчдыг бүгдийг нь хамарсан хэлэлцүүлэг хэлбэрээр явагдах юм байна.
Түүнчлэн зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүд биш хүнтэй ажилладаг хэн ч оролцож болох бөгөөд багийн менежер, сургалтын ажилтан, карьертай холбоотой мэргэжилтнүүд, оюутан, шинэхэн төгсөгчид хүртэл оролцож, карьерынхаа талаар зөвлөгөө авах, ажил олгогчтой танилцах боломж үүсэх аж. Иймд оюутан залууст зориулсан тусгай хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн шилдэг хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажиллах хүчтэйгээ холбогдох шинэ гарц нээгдэнэ. Карьер бол аз биш, харин зөв цагт, зөв газарт, зөв хүнтэй уулзах боломж билээ гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Дэлхийн Банкны мэдээллээр Монголд 2024 онд 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 13.8% хүртэл өссөн байна.
ЦойлогсоZ залуусын нэгдэлийн үүсгэн байгуулагч Б.Батзориг "Монголд 15-34 насны залуучууд хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн идэвхтэй голлох хүн амыг эзэлж байна. Боловсролын байгууллага болон ажил олгогч, ажилд орж буй залуучуудын хүлээлт, ойлголтын зөрүү өндөр байна. Монгол залуучуудад боловсрол, хүний хөгжил болон хөдөлмөр эрхлэлт, бүтээмжтэй холбоотой асуудал нь хамгийн их тулгамдаж байна. Эх орондоо хөдөлмөрлөхөөс гадна олон улсын түвшинд өрсөлдөж буй энэ цаг үед Монгол залуучууд хаашаа чиглэж, яаж бүтээмжээ нэмэгдүүлэх вэ гэх цаг үетэй тулгараад байна" гэв.
Уг арга хэмжээнд бүртгүүлэх бол энд дарна уу
Бүртгүүлсэн имэйл болон утасны дугаараар купон код илгээгдэх бөгөөд https://hrday.mn/ энэхүү вебсайт руу орон купон кодоо уншуулан тасалбараа авах юм байна.
Арга хэмжээ нь оюутан залуучуудад зориулсан хөтөлбөр, "Symbiosis of Human and Al" буюу технологи, хиймэл оюуны цогцлолын тухай ярилцана, хүний нөөцийн салбарынхан хоорондоо танилцах, хамтын ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй болох ба хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг HR DAY фэйсбүүк хуудаснаас аваарай.
Арга хэмжээний төгсгөлд DJ сет, амьд хөгжмийн тоглолт зохион байгуулагдаж, оролцогчид хоорондоо илүү дотно танилцаж, ирээдүйн ажлын хамтрагч, шинэ боломжуудыг олох үүд хаалга нээгдэхийг зохион байгуулагчид онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!