Уншиж байна ...

Н.Учрал: Хүүхдийн 100,000 төгрөгийг хассан зүйл огт байхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр хөгжлийн төслүүдийн талаарх мэдээллийг Тэргүүн шадар сайд Н.Учрал дараах байдлаар танилцуулав. 

Тэрбээр "Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 төсөл байгаа. Эдгээр төслийг эрэмбэлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

149 хөгжлийн төслийг хэрэгжих боломжоор нь 1-5 оноогоор дөрвөн бүлгийн 14 үзүүлэлтээр үнэлж, мэргэжлийн экспертүүдийн тусламжтайгаар эрэмбэлсэн. 

  • Макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ,
  • Төслийн бэлэн байдлын үнэлгээ,
  • Санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ,
  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ буюу сошиал инпакт гэх дөрвөн бүлэгт хуваагаад оноожуулаад байна. 

Салбар, бүс, санхүүжилт, ач холбогдол, бэлэн байдал зэргээр нь үнэлэхэд 149 төслөөс 105 буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй гэх дүгнэлт гарсан" гэв. 

Мөн "Улсын төсөвт туссан байдлаар нь авч үзвэл 2025 оны улсын төсөвт 13 төслийн санхүүжилт суусан. 2026 оны улсын төсөвт 14 төсөл суусан байгаа. 

Хөгжлийн бодлого төлөвлөлт хэмжигдэхүйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодитой байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд таван жилийн чиглэлийг таван жил тутам баталдаг. 

Хуулиараа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг жил бүр батална. 

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төслүүдээс алийг нь улсын төсвөөс санхүүжүүлэх, алийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх вэ гэдгийг Засгийн газар шийдвэрлэдэг. 

Энэ жил улсын төсөвт 76 төслийн санхүүжилт суусан" хэмээн Тэргүүн шадар сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Үргэлжлүүлэн "Хүүхдийн 100 мянган төгрөг"-тэй холбоотой сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгөв. 

Сэтгүүлч: Хүүхдийн 100 мянган төгрөгийг хасах талаарх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

Тэргүүн шадар сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлэг өрнөж байна.

Хүүхдийн мөнгийг хассан зүйл огт байхгүй. Засгийн газар бодлогоо гаргаад төсвөө өргөн мэдүүлсэн. Одоо УИХ хэлэлцэж байна. 

УИХ-ын ажлын хэсэг гараад батлагдаад явах байх. Хуулийнхаа хугацаанд гүйцэтгэх засаглал ажлаа хэвийн явуулж байгаа.