Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. ₮1 их наяд зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 

Энэ үеэр төсөвт нэг их наяд төгрөгийн орон зай эзэлж буй хүүхдийн мөнгөний асуудлыг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүн С.Цэнгүүн хөнджээ. 

Тэрбээр "Төсөв хэлэлцэх үеэр МАН-аас хоёр гишүүн сууж байна. 32 гишүүн суух ёстой хурал дээр ийм байдалтай байна гэдэг ичгэвтэр зүйл. МАН тасралтгүй найман жил Засгийн газар байгуулсан. МАН-ын боловсруулсан төслүүдийг өнөөдөр ярьж байна. 

Төрийн албан хаагчид бодлогыг зөв чиглэлд явуулахад нь туслаад өгөөч. Ялангуяа Сангийн яамнаас хүсмээр байгаа. Шинэ хоршоо хөтөлбөр ямар хүнд нөхцөлд байдалд биднийг авч очив. Хүүгийн татааст 110 тэрбум төгрөг төлж, сонгуулийн явцад энэ төслийг гаргачихсан.

Ипотек, бүх төрлийн сан, хөнгөлөлттэй зээл гээд гоё гоё нэртэй оруулж өгдөг, сонгуульд санал авахын төлөө санаачилсан хөтөлбөрийн араас яваад байна. УИХ-ын гишүүд гэхээс илүүтэй бодлого боловсруулж гаргаж ирдэг хүмүүс болохгүй байгаа зүйлийг хэлдэг болчихвол бодит өөрчлөлт явагдана. 

Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Иргэдэд сайхан харагдаж байгаа ч бодит байдал дээр дараа жил 100 мянган төгрөгөөр юм авахаар ороход дэлгүүрийн тороо ч дүүргэж чадахгүй, хиймэл мөнгө болгон тарааж байна. 

Хүмүүст таалагдахгүй ч гэсэн зөв зам руугаа явахгүй бол манай улс Венесуэл боллоо шүү дээ. Нэг л сайхан сэтгэлтэй, өгөөмөр төсөл хэрэгжүүлдэг хүмүүс. Бид зах зээлийн хүүг хуурамчаар тогтоох боломжгүй.

Ипотекийн 6 хувь гэдэг ч бодит хүүний зөрүүг татвар төлөгч нар төлдөг. Хиймэл хомсдол үүсгэсэн төсөл дээр асар их эрэлт үүсэж, төрийн албанд ойр хүмүүс танил талаараа авчихдаг. Ипотекийн зээлийг танил талаар авах боломжтой. 

Төрд эрх мэдэл олгоод элдэв сан, хөнгөлөлттэй зээл гаргаж өгөх бүрд түүнийг хуваарилж буй хүмүүст эрх мэдэг өгөөд байгаа гэсэн үг. Энэ утгаараа бид нар татаас, хөнөглөлттэй зээл, сангуудыг болчихмоор байна.

Эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал хариуцаж байгаа хүмүүс зориг гаргаад хэлдэг баймаар байна. Та бүхэн заавал энэ албан тушаалуудтайгаа зууралдах ёстой гэж үү.

Миний хувьд ч гэсэн эрсдэл гаргаад явъя гэж бодож байгаа. Сангийн яаманд олон жил суулаа гэдгээрээ бахархаж үлдэх нь чухал байгаа юм уу. Эсвэл Монгол Улсад өөрчлөлт хийсэн шүү гэдгээрээ бахархаж үлдэхийг хүсэж байгаа юм уу. Та бүхэн мэргэжлийн хүмүүсийн хувьд ойлгож байгаа атлаа энд орж ирэхээрээ хэлдэггүй" хэмээн ярив.