Биеийн тамирын дасгал хөдөлгөөний төрлүүд хүний нойрны чанарт өөр өөр нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтийг хэсэг судлаачид танилцуулжээ.
Тухайлбал кардио дасгалууд нойрны чанарыг муутгадаг бол хүчний дасгалууд сайжруулдаг байж болзошгүй гэж тэд дүгнэсэн байна.
Японы Цүкүбагийн Их сургууль, Alinamin Pharmaceutical Co компанийн сүүлийн гурван жил хамтран хэрэгжүүлсэн төсөл хүний бие махбодын ядаргаа болон нойрны хоорондын хамаарлыг судлах байжээ.
Марафон гүйлт зэрэг өндөр хэмнэлтэй кардио дасгал гүйцэтгэдэг тамирчид нойрны асуудалтай байдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл.
Судлаачид хэсэг хүмүүсийн зүрхний цохилтыг хамгийн дээд хэмжээнд хүртэл дугуй унуулж, даах хамгийн дээд хэмжээнд хүртэл хүндийг өргүүлж туршжээ.
Ийм дасгалуудын үргэлжлэх хугацааг 60 минутаар тогтоож өгсөн байна.
Дараа нь туршилтад оролцогсдын ядралт болон нойрны чанарыг тархины долгионыг хэмжих гэх мэт субъектив болон объектив аргуудыг хослуулан үнэлжээ.
Ингэхэд хүмүүсийн унтах хугацааг кардио дасгал богиносгож, хүчний дасгал уртасгаж байгаа нь харагдсан байна.
Одоо судлаачид бие махбодын ядаргааг тайлж, нойрны чанарыг сайжруулах үйлчилгээтэй B1 витамины найрлага бүхий фурсултиамин хэмээх бодисыг 20 гаруй насны 20 эрэгтэйд туршихаар төлөвлөжээ. Энэ туршилтын үр дүн ирэх оны санхүүгийн жилд (дөрөвдүгээр сард эхлэх) багтаж гарах гэнэ.
"Хэрвээ үр дүнтэй нь батлагдвал энэ нь анхны ийм төрлийн эм бэлдмэл болно" гэж Цүкүбагийн Их сургуулийн нойр судлалын хүрээлэнгийн захирал Масаши Янагисава ярьжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!