Уншиж байна ...

Хятадын найман иргэн Өмнөд Солонгосын эрэгт завиар ирээд баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын найман иргэн хууль бусаар хил нэвтрэхийн тулд завиар ирээд саатуулагдсаныг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба Даваа гарагт мэдээлжээ.

Ням гарагийн оройн 11:38 цагт үл мэдэгдэх завь тэнгисийн усанд явааг анх илрүүлж, Даваа гарагийн шөнийн 1:43 цагт Гауидо арлаас баруун хойд зүгт 40 км зайтай баруун эрэгт хүрснийг саатуулсан байна.

Завийг Өмнөд Чунчон мужийн Таеан дүүргийн боомтод байрлуулсны дараа зорчиж явсан хүмүүсийг хорьжээ.

Саатуулах үеэр нэг зорчигч ус руу үсэрснийг эргийн хамгаалалтын албаныхан удалгүй аварсан байна.

Завины зорчигчид Ням гарагийн өглөөний 10:00 цагийн үед Өмнөд Солонгосын эргээс баруун зүгт 300 орчим километрийн зайд оршдог Хятад улсын Шандун мужийн Вэйхай хотоос хөдөлснөө мэдүүлжээ.

Тэд Өмнөд Солонгост ажил олох зорилготой ирсэн байна.

Завиндаа хоол хүнс, ундны ус, загас барих дөрвөн уургатай явсан тэд загасчны дүрээр нутгаасаа гарчээ.

Эргийн хамгаалалтын алба Хилийн Хяналтын Хуулийг зөрчсөн үндэслэлээр саатуулагдсан гадаадын иргэдийг баривчлах албан ёсны хүсэлтийг шүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News