Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцааж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр тайлбар хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь 9 удаа гарч байсан. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон байсан. Урт хугацааны, хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, төсвийн орлого тасарч эдийн засаг уналтад орчихсон байсан. Хасах эдийн засагтай Засгийг хүлээж авсан.
Эдийн засаг, экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг сайд нартай хамтарч тогтоол батлуулсны үр дүнд нэмэх эдийн засагтай төсвөө тодотгочихсон байна.
Бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж, том хэмжээний гэрээнүүдийн 80 хувь шахуу хилээр гаргаж байсан явдлыг зогсоож, 50 хувь нь урт хугацааны том гэрээ, 50 хувь нь биржээр явсан нүүрсийг экспортлох шийдвэр гаргасны үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Улсын төсөвт орж ирдэг учир биржийн арилжаа чухал юм.
55-р тогтоолтой яг ижилхэн 9 тогтоол өмнө нь гарч байсан. Тус тогтоолууд янз янзын хувилбараар явсан байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх, гэрээний үнээр хийх буюу татвараас зугтах боломжийг олгосон шийдвэр, 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 120, 150 төгрөгөөр үнэлж илүү татвар авч ААН-үүдээ хүнд байдалд оруулах шийдвэрүүдийг ч гаргаж байсан байдаг.
Асуудал яриад байгаа гишүүн нь өөрөө ХЗДХЯ-д 2013 оноос хойш ажиллахдаа уул уурхайн салбарыг хариуцсан мэргэжилтэн, хууль зүйн газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар хүртэл 9 жил орчим ажиллахдаа уг 10 тогтоолын тавд нь оролцсон байдаг. Тэр үед нь оролцож явсан юм бол яагаад энэ шударга ёсоо яриагүй, Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм.
Дарга цэргээ томилж, цэрэг нь хулгай хийдгийг болиулахын тулд Биржийн хуулийг баталсан. Үүнийгээ хамгаалах, идэвхжүүлэх ёстой. Гадна дотны нөлөөгөөр биржийг больё гэх шийдвэрийг байнга шахдаг. Биржийг болих юм бол нууц том гэрээнүүд явна. Бирж бол бодит үнийг тодорхойлсон, ил тод байдлыг нэмэгдүүлсэн, ААН ажлын байраа хадгалахад нь туслан татварын бааз сууриа нэмэгдүүлж, шинэ уурхайн газруудыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Энэ зорилгоо биелүүлээд явж байхад өмнө нь үүнээс дор тогтоолуудад оролцож явсан байж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож байгаа нь улс төрийн зорилготой. Улс орноо бодсон асуудал огт биш" гэв.
6-р сард ажил авснаас хойш хоёр сард борлуулалтын орлогын өсөлт:
Хоёр шаардлагатай арга хэмжээг авсны үр дүнд төсвийн тасалдлаа зогсоож чадсан гэв.
ЗГ-ын 2025 оны 55 дугаар тогтоол батлагднаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тн нүүрс боловсруулж, биржийн арилжааг ₮2.3 их наяд орлого, ₮80.1 тэрбумын нэмэлт орлого олж биржийн арилжааг 19.8 хувьд хүргэсэн байна. Иймд ₮200 тэрбумын алдагдлынхаа тооцооллыг гаргаж ир гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!