Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах явцад төрд учирсан $194,384 болон ₮23.8 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байв.

Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, гурван хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс таван хүнд хоёр жилээс таван жил есөн сарын хугацаагаар хорих ял, 80 хүнд 3-38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2-7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14.9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. 

Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194,384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.