Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Улс орнуудын хүмүүс шүдний эмчид хэр ойрхон очдог вэ?

A.Жаргал
2025 оны 10 сарын 6
IKON.MN

Эрүүл шүд, амны хөндийн эрүүл мэнд нь зөвхөн угаах, утсаар цэвэрлэхээс хамаардаггүй. Үүнээс илүү чухал зүйл бол тогтмол шүдний эмчийн үзлэг юм.

Энэ судалгаа нь OECD-ийн Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд тулгуурлан зарим улс орны иргэдийн жилийн дундаж шүдний эмчид үзүүлсэн тоог (2023, 2024 оны мэдээллээр) харуулжээ.


🇳🇱 Шүдний эмчид хамгийн тогтмол очдог улсууд

Нидерландын иргэд дунджаар 15 долоо хоног тутамд нэг удаа шүдний эмчид очдог байна — өөрөөр хэлбэл жилд 3–4 удаа.

Хүүхдүүдэд бүх нийтийн даатгал үйлчилдэг, насанд хүрэгчдийн хувьд хувийн даатгал түгээмэл, урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжсэн бодлого, соёлын хандлага зэргээс шалтгаалан тогтмол үзлэг хэвийн үзэгдэл болжээ.

Судалгаагаар Нидерландын насанд хүрсэн хүмүүсийн 10 хүн тутмын 9 нь жилдээ дор хаяж нэг удаа шүдний эмчид үзүүлдэг байна. 


🇲🇽🇷🇴 Шүдний эмчид хамгийн бага очдог улсууд

Харин Мексик (жилд 0.1 удаа) болон Румын (0.3 удаа) нь 3 жилд нэгээс ч бага удаа шүдний эмчид очдог үзүүлэлттэй байна.

Эдгээр улсууд нь OECD-ийн өгөгдөлд орлогын түвшин доогуур орнууд бөгөөд орлого нь шүдний тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд хамааралтай байдгийг харуулжээ.

Сонирхолтой нь, орлого өндөр байх нь дангаараа бүхнийг шийдэхгүй. Их Британи (жилд 0.6 удаа) харьцангуй баян улс хэдий ч улсын эмнэлгийн урт дараалал, хувийн эмнэлгүүдийн ачаалал ихсэж буй нь иргэдийн тогтмол үзлэгийг бууруулжээ.

АНУ-ын иргэд ч мөн дунджаар жилд нэг л удаа шүдний эмчид очдог. Эмнэлгийн өндөр зардал болон “өвдсөн хойно” эмчид очих сэтгэлгээ нь шүдний эмнэлэгт цөөн хандах голлох шалтгаан нь юм.


🇯🇵🇰🇷 Зүүн Азийн өндөр давтамжтай үзлэг

Япон (жилд 3.1 удаа) болон Өмнөд Солонгос (1.7 удаа) нь Нидерланд болон Францын дараа орж байна.

Эдгээр орнууд нь ерөнхий эмчийн үзлэгээр ч тэргүүлдэг — Солонгосчууд жилд дунджаар 16 удаа, япончууд 11 удаа эмчид ханддаг гэжээ.


Тогтмол үзлэг нь цоорлыг эрт илрүүлэх, зардал өндөртэй эмчилгээнээс сэргийлэх, бүр цаашлаад биеийн бусад өвчнийг эрт таних боломжийг олгодог.

Шүдний үзлэгийг нэмэгдүүлэх нь эхэндээ нэмэлт зардал мэт боловч, урт хугацаанд эрүүл мэндийн системд оруулж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм.

 

Эх сурвалж: visualcapitalist.com