Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ энэ оны есдүгээр сард Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон зарим байгууллагад хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Энэ үеэр сумдын эмнэлгүүд дээр хийсэн хяналт шалгалтынхаа талаар дараах мэдээллийг өглөө.
Эмнэлгийн барилга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, ариун цэврийн өрөөний асуудал зэрэг нийтлэг зөрчлүүд байснаас санхүүжилтийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болсон байна гэв. Эмнэлгийн төсөв тасалдсаны улмаас үйлчилгээнд нөлөөлж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөх болзошгүй нөхцөлтэй байна гэв.
Түүнчлэн орон нутагт төрийн алба хаагчдын хомсдол их байгаагаас үүдэж төрийн үйлчилгээ явуулахад хүндрэл үүсэж байгаа аж.
Мөн төрийн албан хаагчдыг цомхотгож буй шийдвэр нь орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа талаар аймаг орон нутгийн болон байгууллагуудын удирдлагууд санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иймд үүнийг шийдэх гарц гаргалгааны талаар харилцан санал солилцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!