Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ёндонжамц: "Төрийн албанд намчирхаж, ажлын байрны дарамт үзүүлдэг" асуудал их байгааг орон нутгийн иргэд хэллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долоон аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал ба зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Сум орон нутгийн 350 орчим иргэнтэй уулзаж, тэдний саналыг сонсоход "Төрийн албанд намчирхаж, ажлын байрны дарамт үзүүлдэг" асуудал гардгийг ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Ёндонжамц хэлж байв. 



Энэ талаар тэрбээр "Орон нутагт бодлого шийдвэрээ хүргэж ажиллах чиглэлд ХЭҮК-оос ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн.

2025 онд шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагууд төвлөрөн ажилладаг найман сум, суурин газарт хүний эрхийн нээлттэй өдрийг зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. 

Энэ хүрээнд

  • Эрүүлжүүлэн саатуулах байрны орчин нөхцөлтэй танилцаж
  • Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн ангид ажиллаж
  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцсан. 

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт зохион байгууллаа. Үүний зэрэгцээ СӨБ буюу цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн" гэдгийг хэлэв. 

Үргэлжлүүлэн "Бид энэ удаад төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх ямар нөхцөлд байгааг анхаарч, орчин нөхцөлтэй нь танилцсан.

Долоон сумын 350 орчим иргэнтэй уулзаж, хэлэлцүүлгийнхээ ажлыг зохион байгууллаа. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулж танилцуулахтай холбоотой иргэдийн зүгээс хүсэж байгаа асуудлыг тоймлож хэлье.

  • Иргэдийн оролцоог хангасан бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд төр засгаас анхаарахгүй байна. Анхан шатандаа иргэдийг сонсдоггүй гэх асуудлыг ярьсан.
  • Төрийн албанд намчирхдаг. "Ажлаас хална" гэж дарамт үзүүлдэг асуудал орон нутагт нэлээд байна.
  • Алслагдсан сум орон нутагт бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр. Иймд иргэд рүүгээ хандсан эдийн засгийн бодлого төлөвлөлт хийх шаардлагатайг хэлж байсан.

Мөн суманд ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх асуудалд төр засгаас онцгой анхаарах саналыг хэлсэн" гэлээ.