Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК: Зарим сумдад хүүхэд хамгааллын жилийн төсөв хамгийн багадаа ₮500,000 байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ энэ оны есдүгээр сард Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон зарим байгууллагад  хяналт шалгалтын ажлыг хийжээ. 

Энэ үеэр ХЭҮК Ховд, Баян-Өлгий, Увс аймаг болон Архангай аймгийн Тариат суманд хүүхдийн эрхийн нөхцөл байдлын хяналт шалгалтынхаа талаар дараах мэдээллийг өглөө.


Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт орон нутгуудад сул байгаатай холбоотойгоор дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. 

  • Хүүхдүүдийн судалгаа тэр дундаа эрстэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийн судалгаа хийгдэхгүй байна. 
  • Орон нутгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар, сумдын нийгмийн ажилтнууд зэрэг хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагуудын уялдаа холбоо сул байна.
  • Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллагаа хангалтгүй байна. 
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын сургалтын чанар муу, энэ талаар мэдлэг ойлголт нь хангалтгүй байна. Сумдад байгаа нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх байдал хангалтгүй байна. 
  • Хамтарсан баг дээр төсөвлөсөн төсвийн хуваарилалт үйл ажиллагаа явуулахад нь хүрэлцэхгүй байна. Хамгийн бага нь 500,000 төгрөг төсөвлөсөн байсан нь бүтэн жилийн хугацаанд тухайн сумын хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй. Үүнээс үүдэж хүүхдийн эрхийн  зөрчил илрэхгүй байх нөхцөл байдал үүсэж байна. 

"Цэцэрлэгийн 2-5 настай хүүхдүүд гадна бие засах газартай байна"

Аймаг, сумдын цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн нийтлэг зөрчил нь барилгын чанар хүртээмжийн хангалтгүй байдал байжээ. Нэр бүхий зарим сумдад цэцэрлэгийн 2-5 настай хүүхдүүд гадна бие засах газартай байна. 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчлүүдийн хувьд цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдийн хувийн мэдээлэл цэцэрлэгийн самбар дээр ил нээлттэй байсан. Мөн камерын хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй байгаа буюу цэцэрлэгт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд авах арга хэмжээ нь хангалтгүй байна гэж үзжээ. 

Хүүхдийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор үүсэж байгаа зөрчлүүд мөн илэрсэн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав