Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн шүүх эмч нарын гараар бичсэн жорыг уншигдахуйц болгох үүрэг өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан Энэтхэг улсын Пунжаб, Харяана мужуудын нэгдсэн дээд шүүх “эмчийн бичсэн жор уншигдахуйц байх нь хүний суурь эрхүүдийн нэг бөгөөд энэ нь үхэл, амьдралын асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Тус шүүх саяхан нэгэн эрэгтэй, эмэгтэй хоёрын маргааныг шийдэхдээ эмэгтэйн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлттэй танилцсан юм байна.

Гэтэл эмчийн гараар бичсэн дүгнэлтийг шүүгч уншиж чадаагүй гэнэ.

“Технологи, компьютер хүртээмжтэй болсон энэ үед улсын эмнэлгийн эмч нар зарим мэргэжлийн хүнээс өөр хэн ч унших боломжгүй жорыг гараар бичсээр байгаа нь үнэхээр цочирдмоор” гэж шүүгч Пури дүгнэлтдээ бичжээ.

Улмаар шүүхээс анагаах ухааны сургуулийн хөтөлбөрт гар бичлэгийн хичээл нэмэх, эмнэлгүүдэд дижитал жорын систем нэвтрүүлэх хоёр жилийн хугацаатай үүргийг мужийн захиргаанд өгсөн байна.

Дээрх шийдвэрүүдийг хэрэгжих хүртэл эмч нар жороо том үсгээр гаргацтай бичиж байх ёстой болжээ.

330,000 гаруй гишүүн эмчтэй Энэтхэгийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Дилип Бханушали энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Хот, томоохон суурин газруудад эмч нар дижитал жорын системд шилжсэн ч хөдөө орон нутагт асуудал байгааг тэр хүлээн зөвшөөрчээ.

“Олон эмч гаргацгүй бичдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Гэхдээ ачаалал ихтэй улсын эмнэлгүүдэд энэ байдлыг засахад хүндрэлтэй байгаа. Өдөрт долоон өвчтөн үзэж байгаа эмч шаардлагыг биелүүлж чадна. Харин 70 өвчтөн үздэг эмчийн хувьд хэцүү” гэж тэр ярьсан байна.

Эмчийн бичсэн зүйл ойлгогдохгүй байх, буруу ойлгогдсоноос эмгэнэлт үр дагаварт хүргэх явдал зөвхөн Энэтхэгийн биш, дэлхий нийтийн асуудал байдаг гэнэ.

Тухайлбал Institute of Medicine (IoM) байгууллагын 1999 онд гаргасан тайланд өгүүлснээр АНУ-д жил бүр 44,000 орчим хүн эмчийн алдааны улмаас амиа алддаг, үүний 7,000 тохиолдол нь эмчийн гар бичмэлийн алдаатай хамаатай байжээ.

Сүүлийн үеийн жишээ гэвэл Шотландад нэг эмэгтэй хуурайшсан нүдэндээ түрхэх тосны оронд бэлэг эрхтний хөвчрөлтийн асуудалд хэрэглэдэг тос ашигласны улмаас нүдээ гэмтээсэн тохиолдол бий гэнэ.

 

Эх сурвалж: BBC