Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн шүүх Хятад эмэгтэйгээс түүхэнд хамгийн томд тооцогдох биткоины хөрөнгө хураажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улс дамнасан луйврын хэрэг үйлдсэн Хятадын иргэн эмэгтэйгээс Их Британийн хуулийнхан түүхэнд хамгийн том тооцогдох биткоин хөрөнгийг хураан авчээ.

Тухайн эмэгтэйн дижитал хэтэвчинд нийт 61,000 биткоин байсан нь өнөөдрийн ханшаар $6.7 тэрбумтай тэнцэх хөрөнгө болохыг Лондон хотын цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Британийн шүүх Даваа гарагт Хятадын иргэн Зиминь Чянийг хууль бус аргаар криптовалют олж авсан, эзэмшсэн хэрэгт буруутгажээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт уг луйврын хэрэгт үүрэг гүйцэтгэсэн хоёр дахь хүн болох Малайзын иргэнийг ялласан байна.

Чянь 2014-2017 онуудад Хятадад 128,000 гаруй хүнийг хууран мэхэлж, луйвардаж олсон мөнгөө биткоинд хувирган хадгалж байжээ.

Одоо 47 настай түүний хэргийг сүүлийн долоон жил орчим хугацаанд мөрдөн шалгасан юм байна.

Чянь таван жилийн турш хууль хүчнийхнээс зугтаасны эцэст баривчлагджээ.

Тэрбээр хуурамч бичиг баримтаар Хятадаас зугтаж, Их Британид ирснийхээ дараа эд хөрөнгө худалдаж авах замаар луйвардсан мөнгөө угаахыг завдсан байна.

Чянь 2017 оноос хойш хохирогчдоос зугтаж байгаа ч өнгөрсөн хугацаанд криптовалютын ханш үлэмж хэмжээгээр өссөн нь хохирлыг хангалттай барагдуулах хэмжээнд хүрснийг шүүх мэдээлжээ.

Чяний сурталчилж байсан мөнгө өсгөх хөрөнгө оруулалтад голдуу 50-75 насны хүмүүс “хэдэн зуун мянгаас хэдэн арван сая” юань цутгаж байсныг 2024 онд Хятадын Lifeweek сэтгүүл мэдээлсэн байдаг.

Улмаар Чянь тухайн үедээ хүмүүсийн дунд “эд баялгийн дарь эх” хэмээн өргөмжлөгдөж байжээ.

Даваа гарагийн шийдвэр нь Их Британи, Хятадын хууль сахиулах байгууллагуудын олон жилийн хамтарсан мөрдлөгийн “оргил үе” байсныг Лондон хотын цагдаагийн газрын эдийн засгийн болон кибер гэмт хэргийн хэсгийн дарга Уилл Лайн мэдэгджээ.

Чянийг яллах шүүх хурал арваннэгдүгээр сарын 10-нд товлогдсон байна.

Их Британийн дотоод хэргийн сайд Дэн Жарвис энэ шийтгэл нь тус улс гэмт хэрэгтнүүдийн толгой хоргодох газар биш болохыг тодорхой харуулсан “анхааруулга” болохыг онцолжээ.

 

Эх сурвалж: BBC