Өдгөө 58 настай Оскарын шагналт жүжигчин бүсгүй Николь Кидман өөрийн нөхөр 57 настай Грэммийн шагналт кантри дуучин Кэйт Урбанаас салах өргөдлөө өчигдөр АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотын шүүхэд гаргажээ.
Салах болсон шалтгаанаа “гэр бүлийн харилцааны бэрхшээл, үзэл бодлын эвлэршгүй зөрчил” гэж өргөдөлд тайлбарласан байна.
Кидман бас өсвөр насны хоёр охиныхоо үндсэн асран халамжлагч болох хүсэлтийг шүүхэд уламжилжээ.
Ингэхдээ хүүхэд асран халамжлахтай холбоотой ямар нэг дэмжлэг нэг нэгнээсээ авахгүй байх, тус тусын нэр дээр байдаг өмч хөрөнгөө хэвээр хадгалах нөхцөлийг тусгасан байна.
Австралид төрж өссөн Кидман, Урбан нар 2005 онд Лос Анжелес хотод зохион байгуулагдсан Австраличуудад зориулсан арга хэмжээний үеэр танилцаж, дараа жил нь Сидней хотод хуримлаж байжээ.
Энэ гэрлэлт Урбаны хувьд анхны, Кидманы хувьд хоёр дахь нь байлаа.
Тэрбээр 1990-2001 онуудад Холливүүдийн од Том Круйзтэй амьдарч байсан юм.
Кидман энэ гэрлэлтээсээ насанд хүрсэн хоёр хүүхэдтэй.
Өнгөрсөн онд Нэтфликсийн “The Perfect Couple” (Төгс Хос) нэртэй киноны нээлтийн үеэр өгсөн ярилцлагадаа Кидман энэ нэр томьёо Урбан тэр хоёрт тохирохгүйг хэлж байжээ.
“Хэрвээ өөрсдийгөө төгс хос гэвэл эндүүрэл болно. Би төгс төгөлдөрт итгэдэггүй хүн” гэж тэр хэлж байв.
Хэдхэн сарын өмнө “AFI Life Achievement Award” шагналыг хүртэх үед нь Урбаны үзүүлсэн хүндэтгэл Кидманыг уйлахад хүргэж байлаа.
Гэрлэснийх нь дараахан буюу 2006 онд хар тамхины асуудал сөхөгдөхөд Кидман “хайр гэж чухам юу болохыг үйлдлээрээ харуулсан” гэж Урбан тухайн үед хэлж байжээ.
“Гэрлээд дөрөвхөн сар болж байхад би гурван сарын хугацаанд донтолтоос гарах эмчилгээ хийлгэж байлаа. Ник тэр үед бусдын төдийгүй өөрийнхөө сөрөг дуу хоолойг хүртэл даван туулж, хайрыг сонгож байв. Тийм учраас бид өнөөдөр 18 жилийн дараа ч хамт байна” гэж Урбан хэлсэн юм.
Уран бүтээлийн арвин сантай Кидман “The Hours” кинонд бүтээсэн зохиолч Виржиниа Вульфийн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв.
Сүүлийн үед тэр телевизийн цувралын уран бүтээлд жүжигчин, продюсерын хувиар оролцож, Эммийн шагнал хүртээд байгаа.
Урбаны хувьд 1990-ээд оноос хойш “Somebody Like You”, “Blue Ain’t Your Colour” зэрэг хит дуунуудаараа алдаршсан уран бүтээлч бөгөөд Грэммийн дөрвөн шагнал, Кантри Хөгжмийн Академийн арав гаруй шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!