Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс Ч.Нандинжигүүр МӨНГӨ, Б.Цэлмэг ХҮРЭЛ медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын 19-нөөс 30-ныг дуустал Казахстаны Алматы хотноо 8-аас 12 насны өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо.

Нийт 88 орны 842 өсвөр шатарчин Балуан Шолакийн нэрэмжит спортын ордонд ухаанаа уралдуулсан юм. 11 өрөг швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас 27 шатарчин оролцов.

Тэднээс 10 хүртэлх насны охидын ангилалд 115 шатарчин өрсөлдсөнөөс Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны дэд мастер Чинзоригийн Нандинжигүүр 9 оноогоор мөнгөн медаль хүртэв. Тэрбээр эхний долоон өрөг дараалан хожсон ч наймдугаар өрөгт ижил цолтой Энэтхэгийн тамирчин Шарвааникад хараар нүүгээд хожигджээ.

Улмаар сүүлийн хоёр өрөгт эвийн гэрээ байгуулснаар мөнгөн медаль зүүсэн байна. 

зураг
 

Харин 8 хүртэлх насны охидын ангилалд 94 шатарчнаас Болд-Эрдэнийн Цэлмэг 8.5 оноогоор хүрэл медаль зүүлээ. Тэрбээр 11 өргөөс 7 хожиж, 3 тэнцээд, 1 хожигдсон үзүүлэлтээр медальд хүрсэн юм. 

Казахстанчууд гурван насны ангилалд алтан медаль хүртсэн үзүүлэлтээр багийн дүнгээр хоёр дахь жилээ дараалан тэргүүлсэн бол БНХАУ-ын баг II, АНУ-ын баг III байр эзэллээ.