АНУ-ын засаг захиргаа “Tomahawk” далавчит пуужинг Украинд нийлүүлэхээр болж, ерөнхийлөгч Трампын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна.
“Tomahawk” бол анх Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилгоор бүтээгдсэн зэвсэг юм. Тухайлбал B-52 мэтийн бөмбөгдөгч онгоцнууд Зөвлөлтийн нутаг дэвсгэрийн дээгүүр өндөрт нисэх боломжгүй нь батлагдсаны дараа агаарын довтолгооноос хамгаалах системд илрэлгүй нам өндрөөр нисэх зориулалттай бүтээгдсэн зэвсэг ажээ.
Дайсны нутаг дэвсгэр дээгүүр модны орой шүргэх хэмжээний өндөрт нисдэг тул илрүүлэхэд маш хэцүү болгосон юм.
“Tomahawk” нь агаараас (ALCM), газраас (GLCM), уснаас (SLCM) харвах гурван хувилбартай.
Анх энэ зэвсэг цөмийн болон ердийн цэнэгт хошуу тээвэрлэх давхар зориулалттай байжээ.
Харин сүүлд Дунд Тусгалын Цөмийн Зэвсгийг Хориглох гэрээ байгуулагдаж, Зөвлөлтийн нутаг дээгүүр нисэх далавчит пуужинг цөмийн цохилтод тооцох болсны улмаас цөмийн хошууг нь салгасан гэдэг.
Ердийн байлдааны цэнэгт хошуутай “Tomahawk” пуужинг АНУ өмнө нь Ирак, Афганистан, Сири, Ливи, Югослав, Босни-Херцеговина, Сомали улсуудад явуулсан ажиллагаандаа ашиглаж байжээ.
Хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард Йемен, Ираны эсрэг ашигласан юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 2,000-3,000 орчим ердийн цэнэгт хошуутай пуужинг харвасан гэдэг.
Одоо АНУ-ын зэвсэглэлд нийт 4,000 орчим “Tomahawk” байгаагийн ихэнх нь орчин үеийн сайжруулсан Block IV, Block V хувилбарууд болсон байна.
Хэрвээ уг зэвсгийг Украинд нийлүүлбэл ажиллагааг нь АНУ, эсвэл Их Британийн мэргэжилтнүүд удирдаж, байг сонгох, чиглүүлэхдээ АНУ-ын тагнуулын мэдээллийг ашиглах юм.
Тиймээс энэ нь Украины дайнд АНУ шууд оролцож эхэлнэ гэсэн үг.
Оросын тал “Tomahawk” пуужин дайны талбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй гэж үзэж байна. Гэхдээ фронтын шугамын цаад талд, Оросын нутаг дэвсгэрийн гүнд орших чухал дэд бүтцүүд, агаарын бааз, зэвсгийн үйлдвэр, агуулахуудад довтлох боломж улам нэмэгдэх юм.
Удаан үргэлжилсэн зардал өндөртэй дайны улмаас Оросын эдийн засаг сульдсан гэж үзэж байгаа энэ үед “Tomahawk” пуужингийн цохилт Путиний дэглэмийг нураах эцсийн цэгийг тавьж чадна гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Гэхдээ нөгөө талаар ийм зэвсгээс хамгаалах Оросын хүчин чадал ямар байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Ямартай ч тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем 1983 онд анх бий болсон цагаасаа хойш нэлээд сайжирсан нь гарцаагүй.
Нөгөө талаар Украины одоо явуулж буй алсын тусгалын довтолгоонуудаас Оросын хамгаалалтын систем цоорхой ихтэй нь харагдаж байгаа.
Ямартай ч Трампын засаг захиргаа нийлүүлэх зэвсэг нь ямар амжилт, эрсдэл дагуулж болохыг тал бүрээс үнэлж цэгнэж байгаа нь тодорхой юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!