Би бол Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад 20 гаруй жил болжээ. Хэрэв Путин Украины эсрэг энэ дайныг өдөөгүй сэдээгүй бол би зургаа зураад л, үзэсгэлэнгээ гаргаад л мөртөө сууж байх байлаа. Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч хүний хувьд үзгээ хурцлан бичиж байна. Олныг ч монгол уншигчдадаа хүргэлээ. Би бол түрэмгий дайныг эсэргүүцэгч, миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт зураглал. Би судлаач биш, түүхч биш. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариа) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хулчийхгүй!
Гэгээтэй ганц шинэ мэдээнээс эхэлчихье. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (цаана нь Монголын Төр!) Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй НҮБ-д хүн ёсоор найрсгаар уулзаж байгаа зураг, сайтуудын пост, жиргээний пост олныг олж үзээд би огшлоо. Монголын төр Зеленскийг фашист нацист гэж үзэхгүй, Украиныг устгаж байвал таарах нацист улс гэж үзэхгүй, тууштай төвийг сахиж, бас хүндэтгэлтэй хандаж, “Оросын ялалт” гэдгийг цаагуураа няцааж байгааг нь олж харлаа. Соёлт хүн төрөлхтөнтэй Монгол маань хамт байгаа юм байна. Сэтгэл онгойлоо! “Соёлт хүн төрөлхтөн” Лавровыг НҮБ-ын индэрт гармагц тар том танхимаас бөөн бөөнөөрөө гарч явахыг, НҮБ-ын хурлын танхим эзгүйрэхийг хараад энэ нийтлэлийг шууд тэрлэлээ.
Орос дууссан. Энэ дайндаа ялна гэдэг зүгээр л сэтгэлээ зогоосон үлгэр. Цаашдаа бүр ч хүндэрнэ. Тэр тухай бус, нэлээд эртний түүхээс нь эхлэн тайлбарлая. Уг нь Ельцин 1990-ээд оны эхэн үеэс Оросын улс төрд од болон гялалзаж эхэлсэн залуу улс төрч Борис Немцовыг өөрийнхөө оронд тавихаар бэлтгэж 1997 оны хавар Нижегород мужийн захирагчаас Түлш, Эрчим хүний Сайд, улмаар Ерөнхий Сайдын 1-р орлогчийн өндөр суудалд шууд залжээ. Түүний барууны чиг баримжаатай эдийн засаг, чөлөөт зах зээлийн реформ нь Оростоо төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал байв. Тэрбээр мужийнхаа хэмжээнд авлига хээл хахуулийг цэгцэлсэн нь ч бас дуулиан дэгдээж байж. Энэ замаар хөгжвөл Орос орон тун удахгүй эргээд дэлхийн эдийн засагт эзэлж байсан СССР-ийн байр суурийг эзлэх нь тодорхой байв. Дуусашгүй их баялагтай дэлхийн хамгийн том асар уудам газар нутаг байна, 120 сая хүн ам байна. Оросын эрдэмтэн сэхээтнүүд нөхцөл нь бүрдвэл энэ дэлхийн хамгийн өндөр технологи гаргаад ирж чадах оюуны өндөр чадавхтай. Шинжлэх ухаан хүчтэй хөгжсөн, суурь сайтай. Дэд бүтэц тун давгүй. Хоцрогдонгуй хэдий ч түлхээд, татаад өгөхөд хөгжиж дэвжихэд бүх өгөгдөхүүн нь бэлэн. Немцовын замаар хөгжвөл энэ гүрэн дэлхийн хамгийн өндөр хөгжилтөй, ард олон нь жаргаж цэнгэн амьдрах бүрэн боломжтой нь хэнд ч ойлгомжтой болж иржээ.
Түүнийг 1991-1997 онд Нежный Новогород мужийн захирагчийн алба хашиж байхад Санкт-Петербургт КГБ хэмээх СССР-ийн Аюулаас хамгаалахад ажиллаж байсан нэгэн орос залуу (орос гэхэд хэцүү, эх нь еврей байх магадлал өндөр, хойт эцэг нь гүрж гэхчлэн?) Ленинград Хотын дарга А.Собчакийн дэмжлэгээр 1990 оноос Хотын захиргаанд дунд зэргийн албан тушаалтан, 1993-1996 онд тус Хотын даргын орлогчоор хашиж авилга хээл хахуулийг цэцэглүүлж гарчээ. Энэ тухай Катин Бэлтоны “Путиний гар хөлүүд” номд нэн тодорхой өгүүлснийг манайхан олоод унших биз ээ.
Залуу реформатор Немцовыг тун удалгүй Ерөнхий Сайдын, цаашилбал Ерөнхийлөгч суудалд заларна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байжээ. Түүнийг Ерөнхий Сайдын 1-р орлогчийн өндөр албанд ажиллаж байхад нь 1998 оны үед санал асуулга явуулж үзэхэд тухайн үед сонгууль явуулбал тэр сонгогчдын 50%-ийн санал авахаар дүн гарч байв. Үүнийг батлах мэт Ерөнхийлөгч Ельцин түүнийг Америкийн Ерөнхийлөгч Билл Клинтонд миний залгамжлагч хэмээн танилцуулсан байдаг. Тухайн үед Британийн Ерөнхий сайд байсан Маргарет Тэтчер Орост айлчлахдаа Немцовын реформтой биечлэн танилцаж, хэрэв танай хүчирхэг потенциалтай аугаа их Орос орон манай түүхэн жишээг дагаж Эзэнт гүрний сэтгэлгээнээсээ (хэнээрхэл л дээ, яг үнэндээ) салж чадвал Орос орон хөгжин цэцэглэж, хүн зон нь амар тайван, хангалуун сайхан амьдрах бүрэн боломжтой, асар их ирээдүй байгааг түүнд зөвлөж байж. Түүний энэ чин сэтгэлийн зөвлөгөөг тэрбээр анхааралтай сонсож байсан нь түүний цаашдын бодлого, үйл ажиллагаанд их нөлөөлсөн байдаг.
Немцовыг ийнхүү мандаж явахад энэ хорвоог эзлэн түрэмгийлэх замаар ноёрхох мөрөөдөлтэй КГБ болон Армийн дайнч генералууд, Төрийн авлигач түшмэд, буруу гарын бизнесчид, улс төрчид Ерөнхийлөгч Ельцины “Гэр бүл”-тэй хүч хамсран хуйвалдаж өөр нэгэн өрсөлдөгчийг яаран дэвшүүлсээр түүний хүрээлэлд оруулаад иржээ. Тэр бол В.Путин байлаа. Түүнийг Москвад татан авчирч гэрлийн хурдаар, эхлээд 1996 онд Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, 1997 онд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дэд дарга, Тэргүүн Дэд дарга, 1998 онд Улсыг Аюулаас хамгаалах Газар - ФСБ-гийн Захирал болгож төд удалгүй 1999 онд Ерөнхий Сайдын суудлыг эзлэх нь тэр. “Путиний гар хөлүүд” хэдхэн сарын өмнө Ельцин өөрийнхөө залгамжлагчаар нэрлэж байсан Немцовыг түүний хүрээллээс зайлуулж (хожим хорсолтойгоор алсан даа), өөрийгөө бүрэн хянах чадваргүй болсон Ельцинг 1999 оны зун гартаа бүр мөсөн хийж авчээ. Өвөл нь тэдний “дохилтоор” 1999.12.31-ний өдөр Ельцин Путинд Ерөнхийлөгчийн титмийг цөмийн чемоданы хамт өргөн барих нь тэр.
Ийнхүү СССР-ийг “авснаас нь босгож ирэх” далдын чин хүсэлтэй, үеийн үед өв дамжин уламжлагдсаар ирсэн бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэх дайны сэтгэхүйтэй хүмүүжиж өссөн дайны хэнээтний гарт аугаа их Орос орон, Оросын ард түмэн орох нь тэр ээ! Орост хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхах удирдагч гарч ирэх тавилангүй бололтой. Ельцин эцсийн эцэст Оросын Төрийн “Хар хайрцагны бодлого”-д захирагдсан байж таарна. Тэр нь түрэмгийлэн эзлэх замаар газар нутгаа хязгааргүй тэлэх нэн их шуналын үзэл юм. Эзэнт гүрний дайнч бодлого Оросын нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг. Түүнийг дагаад үүсдэг дайны эдийн засаг нь Оросын нийгмийн сэтгэлгээний үндэс суурь нь юм.
Үүнээсээ уламжлаад “Патриотизм” гэдэг эх оронч сайхан уриан дор түрэмгий дайнаа явуулдгийг бид Украин дахь Оросын дайнаас одоо ч харж байна. Путин дайнаа шатлан өргөжүүлэхээр нэгэнт шийджээ. Оросын ард түмний зовлон нь багадсан баймааргүй л юм. “Оросууд зовлон даадаг” гэж нэг хачин үг бий. Зовж л байх ёстой ч юм шиг. Орос гүрэн 300 гаруй жил дайн хийлээ. Тэр хэрээр ард түмэн нь үеийн үед зовлон зүдгүүр туулсаар ирлээ. Зовлон туулсан, борог амьдралтай хүмүүс “тусч сайхан сэтгэлтэй” байдаг мэт урлаг, уран зохиол нь өгүүлэх мэт. Соц үеийн Шукшин, Распутин, Афанасевийн зохиолууд бас орос кинонуудад үүнийг эерэг талаас нь харуулдагсан.
Харин 1991 онд ЗХУ задран унаж, аугаа коммунист намынх нь үйл ажиллагааг хориглосны дараа хийсэн орос кинонууд бол өөрсдийнхөө хуурамч багнуудаа хуулан хаяж жинхэнэ төрх “Русский характер”-аа ил цагаан үзүүлдэг болсон. Толстой оросын ядуусын амьдралын гүнд байдаг харгислалын тухай бичсэн байдаг. “Оройд нь очир эрдэнэ гялтганаж, ёроолд нь үй олон бурлакууд язганасан хөөрхий Орос орон минь!” хэмээн оросын их зохиолч Достоевский бичсэн санагдана. Одоогийн оросын гол "эмблем" буюу таних тэмдэг юу юм бэ? Архи ба АК автомат хоёр биш гэж үү?
YouTube-ийн амьд бичлэгүүд, түүний дотор оросуудын өөрсдөө хийсэн контентуудаас харж байхад 1970, 1980-аад онд зах хязгаарын нутгууд ямар байсан тэр төвшиндөө таг зогссон харагдана. Гэвч тэд өөрсдийгөө сайхан амьдарч байна, бусад улс үндэстэн Орост атаархдаг ба өөрсдөөс нь дор амьдардаг гэж итгэсэн хэвээр. Хорвоогийн мэдээллийн ертөнцөөс тасарсан, зөвхөн нөгөө айхавтар “Fake News-Русская Пропаганда”-гаараа амьдарсаар. Жирийн ядуу орос тариачин ч империалист үзэлтэй гэмээр. Тэдэнд өөрсдөө ямар амьдарч байгаа нь бус харин "Орос гүрэн" бусдыг эзлэн түрэмгийлж чадаж байгаа, тэгээд хүчирхэг байгаа бол болох нь тэр. Одоо ч Орост Путиний дайныг дэмжигчид үй олноороо байгаа нь үүний баталгаа юм. Европ тал руугаа энэ талаар арай гайгүй. Тэд эрхбиш арай өөр төвшний мэдээлэлтэй ч бас империалист үзэлтэй хэвээрээ, энэ талаараа нөгөө тариачдаасаа илүү гарах юмгүй.
Сайтад байна. Мөрөн дээрээ фашист бэлгэдэл бүхий таних тэмдэг зүүж нацист формоор ижилссэн хөөрхөн сайхан орос охид хөвгүүдийн зураг. Москвагийн эрдэм-урлаг соёлын нэгэн их уурхай, дэлхийд нэртэй Строгановын Уран зургийн дээд сургуулийн оюутнуудыг ингээд хувцаслачихжээ. Үүнийг би сайтаас анх олж хараад цочсон. Би Оросын уран бүтээлчдийн талаар их өөр бодолтой байсан болохоор тэр байх л даа.
Сүүлчийн хэдэн мөр. Путин дайнаа шатлан өргөжүүлж НАТО-д халдлаа. Польш, Румыныг дрондож, Эстон улсын агаарын хилийг зөрчиж өдөөн хатгаж байгаа нь Америк, Их Британи, Франц, Герман, цаашаанаа Европ дахь гишүүд рүү нь халдсанаас өөрцгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Их Британид албан ёсны найрсаг айлчлал хийсэн. Өмнө нь Путиний учир нь олдохгүй араншингаас болж ойлголцохгүй байсан асуудлуудаар АНУ, Их Британи хоёр санал бараг нийлэв. Трамп Лондонд хэвлэлийн хурал дээр "Путин дайныг зогсоож, энх тайван тогтоох миний саналыг үл тоомсорлож НАТО-д халдлаа. Тэр багаа хууллаа. Иймээс Украиныг хамгаалах талаар хамтран ажиллахаар Ерөнхий сайд Стармертэй бид нухацтай ярилцлаа" гэж мэдэгдсэн. Трампын Тусгай үүрэгт элч нь "Путин дайнд ялна гэж бодож байгаа нь боломжгүй зүйл" гэж хэллээ.
Ингээд л НАТО нэг талдаа гарчихлаа. Маш амархан. НАТО-гийн Гэрээний заалт хэрэгжээд эхэллээ. Польшид асар их цохилтын хүч хуримтлагдаж байна. Тэнд дайны цагийн байдал зарлалаа. Европ даяараа дайны байдалд шилжиж эхэлж байх шиг. "Comparison of the military capabilities of NATO and Russia 2025. Published by Statista Research Department, Apr 11, 2025” гэсэн мэдээллийг нетээс харж болно. Тэнд ингэж бичсэн байх юм. 2025 оны байдлаар НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг 32 орны Нэгдсэн зэвсэгт хүчин ойролцоогоор 3,440,000 байнгын цэргийн албан хаагчтай байгаа бол Оросын армид 1,320,000 цэрэг байна. Бүх хүчээ дайчлан цэрэг татахад НАТО нь 8,658,882, харин Орос 3,570,000 цэрэг гаргах чадвартай гэнэ. Үүн дээр Украины цэргийг нэмбэл 9 сая даваад явчих юм байна.
НАТО-гийн цэргийн нисэх хүчин 22,377, Орос 4,957 тус тус төрөл бүрийн нисэх онгоцтой бол Тэнгисийн цэргийн хүчин чадлаараа 1,143:419-ийн харьцаатай төрөл бүрийн усан онгоцтой. НАТО 11,495 байлдааны танктай бол Орост 5,750 танктай. Тэгэхдээ оросын танк дундарч байгаа. Украинд сөнөөлгөсөн, сөнөөлгөж байгаагаа үйлдвэрлэл нь гүйцэхгүй зовж байна. АНУ, Их Британи, Францын цөмийн зэвсэг гэхэд 5,559 цөмийн цэнэгт хошуутай бол Оросынх 5,580 гэсэн байх боловч оросын өөрийнх нь цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар СССР-ээс хойш ганц ч update хийгээгүй цөмийн зэвсэг, байнд хүргэх стратегийн хэрэгсэл нь цаасан дээр л бичээтэй байна.
Фронтын урагшгүй байдал, цэрэг зэвсгийн асар их хохирол дээр нэрмээс болж тасралтгүй үргэлжлэх Украины дроны цохилтуудад Оросын нефть боловсруулах үйлдвэр, түлшний агуулахууд нь өртөж тал хагас нь жагсаалаас гарсан гэх мэдээ явж байна. Армийн ложистик хангамжийн асуудал их хүндэрч байна. Төмөр зам, дэд бүтцүүдийг нь украины партизанууд дэлбэлээд сандаргаж байгаа бололтой. Улсын төсөв бүрдүүлэлт тун асуудалтай, мөнгө нь шавхагдаж байдаг. Гэтэл дайнаа үргэлжлүүлнэ гэсэн хийрхэл ба догм тасардаггүй. Дотогшоогоо бол ард түмнийхээ тархийг өнөөх л “Fake News-Русский Пропаганда”-гаараа аргалаад сууж байна. Өөр гарц ч байхгүй л дээ, Путинд.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2025.09.29
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!